Дэлхийн Шуудангийн холбооны (ДШХ) Ази-Номхон Далайн бүсийн орнуудын Стратегийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Форумд Дэлхийн Шуудан Холбооны Ерөнхий захирал ноён Масахико Метоки, Ази-Номхон далайн шуудангийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Винаяа Пракаш Синхн тэргүүтэй Ази-Номхон далайн бүс нутгийн 32 орны 100 орчим төлөөлөгчид, улс орнуудын үндэсний шуудангийн үйлчилгээ үзүүлэгчид, зохицуулагчид, бодлого боловсруулагчид оролцож буй юм.
Арга хэмжээний нээлтийн үеэр ХХЗХ-ны дарга Г.Чинзориг "Монгол Улсын хөгжлийн бодлогын зорилго, зорилтод тусгагдсан шуудангийн салбарын нийгэм эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд бие даасан зохицуулах байгууллагын үйл ажиллагаа, үүрэг оролцоо нэн чухал" гэдгийг дурдаад Дэлхийн шуудан холбооны Ази-Номхон далайн бүс нутгийн стратегийн бага хурал нь дэлхийн шуудангийн салбарын ирээдүйг тодорхойлох шинэ санаа, шийдлээр дүүрэн байж, хамтын ойлголцлыг бэхжүүлсэн, бүх талуудад өгөөжтэй, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, форумд оролцогсдод амжилт хүслээ.Энэхүү форумаар Дэлхийн Шуудангийн Холбооны гишүүн орнууд, түүний томилогдсон операторууд дараагийн 4 жилд баримтлах стратеги, дүрэм, журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтийг тусган, нэгтгэж конгресст хүргэх зорилготой юм.
Дэлхийн шуудан холбооны гишүүнээр Монгол Улс 1963 онд элссэн бөгөөд шуудангийн хөгжлийн индексээр манай улс 46.7 оноогоор хөгжлийн 6-р түвшинд эрэмбэлэгдэж байна.