Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” хэлэлцүүлгийг үндэсний хэмжээнд 2023.06.14-ний өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг нь Засгийн газар, төрийн байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдийг оролцуулан Монгол Улсад цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцох, хүүхдэд цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зөвлөмж, шийдлүүдийг санал болгож, талуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг тал бүрийн төлөөлөл оролцохоос гадна аймаг, дүүргийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газрын хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг албан хаагчдыг цахимаар хамрагдана.