2023.12.15
Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөөдөр /2023.12.15/ Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд, олон нийтийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах талаар зөвлөмж зааварчилгааг бэлтгэн хүргэх чиг үүргийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Цахим аюулгүй байдал” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний зорилго нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас цахим орчинд хүүхэд хамгааллын талаар нэгдсэн удирдамжаар хангах чиглэлээр гаргасан сургалтын багц хөтөлбөр болон удирдамжийг монгол хэл дээр орчуулж хэвлэсэн гарын авлагыг танилцуулж, холбогдох байгууллагуудад гардуулсан юм.
Арга хэмжээг нээж “Хүүхдийн эрх ба цахим орчин” улсын аварга шалгаруулах VIII мэтгэлцээний тэмцээний шилдэг илтгэгч, Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Отгонгүнж, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, ХХЗХ-ны дарга Г.Чинзоригийн мэндчилгээг тус хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно нар үг хэллээ.
Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан гаргасан сургалтын багц хөтөлбөрийн материалыг төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн тоогоор хэвлүүлэн Боловсролын ерөнхий газарт, Бодлого боловсруулагчдад зориулсан удирдамжийг Цахим, хөгжил харилцаа холбооны яаманд, Бизнесийн салбарынханд зориулан гаргасан удирдамжийг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад тус тус гардуулан өглөө.
Энэхүү арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг тал бүрийн төлөөлөл бүхий 60 гаруй оролцогч оролцож байна.
Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас гаргасан дээрх сургалтын материал болон удирдамжийн цахим хувилбартай www.ekids.mn веб сайтаар орж танилцаарай.
--о0о--