Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / АЙ ПИ ТВ-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БОЛОН ХЭРЭГЛЭГЧИЙН...
АЙ ПИ ТВ-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БОЛОН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2022-10-04

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.12-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” чиг үүргийг хэрэгжүүлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг хуулийн хүрээнд, түргэн, шуурхай шийдвэрлэж ажилладаг билээ. 

Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос ЗУХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Эрдэнэбулган, гомдол санал хариуцсан мэргэжилтэн М.Амарзаяа, ЗБХГ-ын мэдээлэл холбооны хэрэглэгчийн сүлжээ ,интернэтийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн С.Дашбалбар, ОСДҮЭ-ийн Ай Пи телевизүүдээс Юнивишн ХХК-ийн гомдол хариуцсан мэргэжилтэн Б.Хишигсүрэн, эрх зүй зохицуулалтын албаны менежер А.Ням-Очир, дата сүлжээний менежер Г.Энхбат, Скаймедиа Корпораци ХХК-ын гомдол шийдвэрлэх менежер Б.Болорцэцэг, Г.Бадамцэцэг нар хэрэглэгчийн төлөөллөөр иргэн Ш.Шагдарсүрэнг оролцуулан гурван талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар ХХЗХ-нд  2022 оны эхний хагас жилд ирсэн Ай Пи ТВ-үүдийн үйлчилгээний талаар хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол саналыг танилцуулж, хэрэглэгчийн төлөөллийг үйлчилгээ эрхлэгч байгууллагын хэрэглэгчийн гомдол хариуцсан мэргэжилтнүүдтэй  биечлэн уулзуулж, санал солилцсоноороо онцлог боллоо. 

Иргэн Ш.Шагдарсүрэн нэг талаар хэрэглэгч, нөгөө талаар төр түшилцэж явсан ахмад хүний хувьд үйлчилгээ эрхлэгч байгууллагад харилцааны соёлыг дээд зэргээр эрхэмлэх, үзүүлж буй үйлчилгээний чанарт анхаарах, хэрэглэгчтэй байгуулж буй гэрээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэх, гурван талт уулзалтыг өргөн хүрээнд хийх, уламжлал болгох нь зүйтэй хэмээн санал бодлоо илэрхийллээ.