Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ХАРИЛЦАН ХОЛБОЛТ / Харилцан холболт
Харилцан холболт
2024-11-11

Нэг сүлжээний хэрэглэгч, нөгөө сүлжээний хэрэглэгчтэй саадгүй холбогдох хэрэгцээг хангах, харилцаа холбооны үйлчлэгчид үл ялгаварлах, ил тод, нээлттэй зарчмаар харилцан холбогдох, сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлэх нь зохицуулалтын үндсэн чиг үүргийн нэг юм.

Харилцан холболт болон сүлжээнд холбогдох зохицуулалт нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчимд тулгуурладаг бөгөөд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалтын нэг гол хүчин зүйл гэж үздэг.

Харилцан холболт (Interconnection)Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.18.“харилцан холболт” гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг; ойлгоно.

Сүлжээнд холбогдох (Access): Харилцаа холбооны тухай хуулийн  3.1.19.“сүлжээнд холбогдох” гэж үйлчлэгч нь өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх зорилгоор сүлжээ бүхий үйлчлэгчийн сүлжээнд холбогдохыг; ойлгоно.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам-ын дагуу гэрээг бүртгэх, үнийг хянах, нээлттэй, мэдээлэх, маргаан шийдвэрлэх ажлуудыг гүйцэтгэж байна.

Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам – 2021 оны 33-р тогтоол

Харилцан холболтын зохицуулалтын гол зорилго нь:

  1. Харилцан холбогдохыг дэмжих
  2. Зах зээлийн хүчийг удирдах
  3. Техникийн харилцан уялдаа, зохицолдоог хангах явдал юм.

Харилцан холболт (interconnection) гэдэг нь нэг үйлчлэгч өөрийн үйлчилгээг бусад сүлжээний хэрэглэгчдэд хүргэх, өөрийн хэрэглэгчдэд бусдын үйлчилгээг хүртээх зорилгоор сүлжээгээ бусдын сүлжээнд холбож буй техникийн болон санхүүгийн үйл ажиллагаа, арилжааны хэлцэл юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай Монгол Улсын хуулийн 9.1.4, 22.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд сүлжээ хоорондын харилцан холболтын  журмыг баталж, харилцан холболтын гэрээний загварыг гарган мөрдүүлэн ажиллаж байна.

Харилцаа холбооны тухай хууль болон Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам, төлбөр тогтоох тухай аргачлалын хүрээнд харилцан холболтын төлбөрийг тогтоохдоо өртөгт баримжаалж тогтоодог. Харилцан холболтын төлбөр гэдэг нь бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд холбогдож хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тухайн холбогдсон цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид төлж буй нэгж үйлчилгээний төлбөр юм.

Харилцан холболтын үйлчилгээний төлбөрийг үйлчлэгчид харилцан холболтын гэрээ байгуулахаас 21 хоногийн өмнө журмын дагуу (10.3.1-д заасан) хянуулахаар ХХЗХ-нд ирүүлэх үүрэгтэй ба журмын дагуу харилцан холболтын гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор ХХЗХ-нд бүртгүүлнэ. Мөн гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт бүрийг тухай бүр бүртгүүлж байна.


Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн харилцан холболтын гэрээнүүд

Харилцаа холбооны тухай хуулийн  22.1-д заасны дагуу тусгай хэрэглээний холбооны сүлжээ эзэмшигч, дотоодын хэрэглээний сүлжээ бүхий болон шинээр сүлжээ байгуулах этгээд бусдын өмчлөлийн сүлжээнд холболт хийхдээ сүлжээ хоорондын зааглах цэгт тавигдах нэмэгдэл шугам, тоног төхөөрөмжийг хариуцна.

Сүлжээний зааглах цэгийг “Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”-ын “Зааглах цэг тодорхойлох тухай ” 6 дугаар зүйлд заасны дагуу тогтооно.

Харилцан холболтын чиглэлээр гарсан шийдвэр, мэдээллүүд: 

• “Харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг хянан батлах тухай” 2009 оны 12 дугаар сарын 25-ны 61-р тогтоол.  - Уг тогтоолоор харилцан холболтын төлбөр орлого хуваарилах зарчмыг газар зүйн ялгаваргүй болгож тогтоосноор Монгол Улсын цахилгаан холбооны сулжээ хоорондын дотоод харилцан холболт болон үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний тариф газар зүйн ялгаваргүй болсон.

•  “Харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг хянан батлах тухай” 2011 оны 04 дүгээр сарын 24-ны 23-р тогтоол.  - Энэхүү тогтоолоор Үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид хоорондоо болон үүрэн суурин, суурин үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэгчид харилцан холболтын төлбөр орлого хуваарилах тэгш хэмт зарчимд шилжсэн.

 

"Шуудангийн харилцан холболтын журам"

 

Шуудангийн тухай хуулийн 9.1.5-д "шуудангийн харилцан холболтын журмыг баталж, хэрэгжилтийг хангуулах" эрхийг ХХЗХ-нд олгосон байдаг учраас Хорооны 2023 оны 02 сарын 24 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан "Шуудангийн харилцан холболтын журам"-ыг дараах линкээр орж танилцана уу. Шуудангийн харилцан холболтын журам; Шуудангийн харилцан холболтын журмын өөрчлөлт

Журмын зорилго нь улс хоорондын болон дотоодын шуудангийн үйлчилгээг үзүүлэхэд гардаг алдагдлыг бууруулах, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагаа, салбарын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн.