Home / Articles / Радио давтамжийн тухай
Радио давтамжийн тухай
2013-02-18

Радио давтамжийн тухай

Радио давтамж гэдэг нь радио долгионы нэг хэсэг бөгөөд нэвтрүүлж буй долгионы цараагаар хязгаарлагддаг.  (Радио долгион нь 300 Гц-ээс  3000 ГГц хүртэлх давтамжийг хамрах боловч техникт зөвхөн 3 кГц-ээс 300 ГГц хүртэлх давтамжийн зурвасыг ашиглах боломжтой.) Үүнийг утасгүй холбооны бүхий л төрлүүд болох хөдөлгөөнт гар утас, радио ба телевизийн өргөн нэвтрүүлэг, радио релей, хиймэл дагуулын бүх төрлийн үйлчилгээ, агаарын болон усан замын холбоо гэх мэт арилжааны болон олон нийтийн янз бүрийн салбарт өргөн хэрэглэгдэж байна. Гэвч радио давтамжийн менежмент, хяналт, зохицуулалт ба харилцан нөлөөллийг нь сэргийлэхгүйгээр эдгээр олон төрлийн үйлчилгээг зүй зохистойгоор ажиллуулж чадахгүй.

Радио долгион нь нийгмийг мэдээлэлжүүлэх болон холбооны сүлжээ байгуулах зардлыг хэмнэхийн хувьд онцгой ач холбогдолтой юм. Гэвч янз бүрийн шалтгааны улмаас радио давтамжийг ашиглах боломжгүй болох мөн түүнээс ч муу үр дагаварт хүрч болдог. Жишээ нь хууль бус хэрэглээнээс болж зөвшөөрөл бүхий хэрэглэгчдийн хэвийн ажиллагаанд саатал гарах, буруу төлөвлөлтийн улмаас хэт ачаалал үүсэх, стандартын бус тоног төхөөрөмжийн ашиглалтаас болж харилцан нөлөөлөл үүсэх зэрэг муу үр дагаварууд гардаг.

Гэхдээ энэ асуудлыг радио давтамжийн менежментийг зүй зохистой нэвтрүүлснээр амжилттай шийдэж чаддаг. Дэлхий дахинд радио долгионы ашиглалт улам бүр нэмэгдэж байгаа нь тухайн улс орны үндэсний радио давтамжийн удирдлага менежментийн үүрэг хариуцлагыг улам бүр өсгөж байна.

Радио давтамжийн менежментийн зорилго:

  • - Радио давтамжийг боломжит хамгийн үр ашигтайгаар хуваарилах;
    - Радио долгионы харилцан нөлөөллийг хянах, илрүүлэх, хууль бус хэрэглээг таслан зогсоох;
    - Радио тоног төхөөрөмжийн хүний биед хортой цахилгаан соронзон цацаргалтын аюулыг бууруулах арга хэмжээ авах;
    - Радио долгион нь үндэсний хил хязгаар хүрээд зогсдоггүй онцлогтой учир радио давтамжийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөрш орнуудтай хамтран ажиллах;

Радио давтамжийн менежментийн үндсэн үйл ажиллагаа:

  1. Олон улсын радио давтамжийн зохицуулалтыг үндэслэн Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, зохицуулалтыг боловсруулах;
  2. Олон улсын зохицуулалт болон гэрээг үндэслэн давтамжийн зурвас бүрээр эсвэл тодорхой зурвасыг ашиглах үйлчилгээний техникийн нөхцөлүүд ба стандартыг боловсруулах;
  3. Төрөл бүрийн үйлчилгээнд ашиглаж буй сансарын болон хиймэл дагуулын гео-тогтвортой орбитын давтамжийг үр ашигтайгаар ашиглах зохицуулалт хийх;
  4. Олон улсын зохицуулалтын дагуу хэрэглэгчдэд тодорхой давтамжийн зурвасыг хэрэглэх зөвшөөрөл олгох, зохих хуваарилалтыг хийх;
  5. Радио давтамж эзэмших зөвшөөрөл бүхий хэрэглэгчдийн мэдээлэл, түүнд орох өөрчлөлт бүрийн талаар бүртгэл хөтлөх, шаардлагатай бол Олон улсын байгууллагад бүртгүүлэх (жишээ нь: давтамж, байрлал, чадал, дуудлага гэх мэт);
  6. Хоёроос дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн радиогийн их хурлын хэлэлцэх асуудлуудад өөрийн орны байр суурь, техник технологийн саналыг боловсруулж оруулах, хурлаас гарсан шийдвэрийг өөрийн улсын радио давтамжийн менежментийн үйл ажиллагаанд мөрдөг болгон ажиллах;
  7. Бүх төрлийн радио төхөөрөмжийн суурилуулалтын явцад радио төхөөрөмжийн параметрүүд нь Үндэсний стандарт шаардлагыг хангах эсэхийг тодорхойлох хэмжилтийг хийж гүйцэтгэх;
  8. Зөвшөөрөлтэйгээр ажиллаж байгаа радио холбооны төхөөрөмж нь стандарт шаардлагад нийцэн ажиллаж байгаа эсэхэд хуваарьт шалгалтыг тогтмол хийх;
  9. Олон улсын байгууллагууд ба бусад орнуудтай газрын болон сансрын хиймэл дагуулын ашиглалт болон бусад асуудлуудаар зөвшилцөх, хамтран ажиллах;
  10. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио албаны (ITU-R) ажлын хэсэгт хамрагдаж шинээр зохион бүтээгдэж буй радио тоног төхөөрөмжүүдийн стандарт шаардлагуудад санал өгөх, мэдээлэл авах өөрийн оронд хэрэгжүүлэх боломжыг судлах;
  11. Сонирхогчийн радио станцуудын үйл ажиллагаа, суурилуулалт, дуудлага зэрэгт зөвшөөрөл олгох;
  12. Радио давтамж ашиглагчдад зөвлөгөө өгөх, радио төхөөрөмжийн ашиглалтын талаар сургалт, семинарууд зохион байгуулах зэрэг болно.