Home / Articles / Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн тухай
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн тухай
2013-02-18

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.28-д “үндэсний бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар,өрсөлдөх чадвар, хэрэглээний аюулгүй байдлыг дээшлүүлэх,экологийн аюулгүй орчныг бүрдүүлэх, хэрэглэгчийг чанартай, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахад стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээгээр дэмжлэг үзүүлэх ажлыг эрс сайжруулна” гэсэн зорилтоо хэрэгжүүлэхээр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн Газрын 2009 оны 12-р сарын 23-ны өдрийн 371-р тогтоолоор батлалаа.

 

Хөтөлбөрийн гол зорилтууд:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох
  • Хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгч тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх
  • Хэрэглэгчийн эрх ашиг түгээмэл хөндөгддөг салбарт тавих хяналтыг сайжруулах
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх

 

Засгийн Газар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж санхүүжилтийн эх үүсвэрийг:

  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө,
  • Гадаад дотоодын төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн хандив тусламж,
  • Олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт
  • Бусад эх үүсвэрээс бүрдүүлэхийг тогтоолоо.

Хөтөлбөрийг 2010-2012 онд хэрэгжүүлж нийтдээ 563.0 сая төгрөгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 23 төсөл, арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн байна.

 

Хэрэгжүүлэгч байгууллагууд:

Засгийн газрын хэрэг эрхлэх газар

Хууль зүй дотоод хэргийн яам

Гадаад хэргийн яам

Аймаг, нийслэлийн засаг дарга нар,

Боловсрол , соёл, шинжлэх ухааны яам

Аж ахуй эрхлэгчид,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Монголын хэрэглэгчдийн эрх ашигийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо

Олон улсын байгууллага зэрэг болно.