Хэрвээ та тусгай зөвшөөрөл авахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.
1. Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах
Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.
2. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх
Тусгай зөвшөөрөл олгох тухай журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг бичиж, өргөдлийн маягтыг бөглөн шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
Жич: Тухайн сүлжээ болон үйлчилгээнд радио давтамж ашиглах бол радио давтамж ашиглахтай холбогдсон нэмэлт материал бүрдүүлнэ.
Өргөдлийн маягтыг бөглөхдөө харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зорилго, хамрах хүрээ, ашиглах техник, технологи зэргийг дэлгэрэнгүй, ойлгомжтой, шударгаар бичиж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлбэл мэргэжилтнүүд дүгнэлт гаргахад хялбар болох ба таны тусгай зөвшөөрлийг түргэн шуурхай шийдвэрлэхэд туслах болно.
3. Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргах
Бүрдүүлсэн материалаа албан бичгийн хамт Харилцаа холбооны зохицуулах хорооны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу
Хороо нь дүрмийн дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдаж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
Харилцаа холбооны тухай хуулийн 14.2, Радио долгионы тухай хуулийн 11.2.2-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд хариу тайлбарыг бичгээр өгнө.
Тухайн сүлжээ, үйлчилгээнд радио давтамж ашиглах бол сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамтаар шийдвэрлэгдэнэ.
4. Гэрээ байгуулах, төлбөр төлөх
Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр хүлээн авсан бол тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээс тусгай зөвшөөрлийн гэрээний төсөл, орлогын нягтлан бодогчоос зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн нэхэмжлэлийг авна.
Тусгай зөвшөөрөлд Хорооны дарга гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, зохих төлбөр төлөгдсөнөөр тусгай зөвшөөрөл олгогдох болно.
5. Гэрээ, нөхцөл шаардлагыг ханган ажиллах
Та тусгай зөвшөөрлийн хугацаанд гэрээ болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах, ХХЗХ-ны шийдвэр, журмуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй.
Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 , Радио долгионы тухай хуулийн 18.1-д тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа эхлэхгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
6. Тусгай зөвшөөрлийг сунгуулах
Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90-ээс ихгүй 60-аас багагүй хоногийн өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ албан бичгээр холбогдох маягтын дагуу бөглөсөн тайлан мэдээлэл, төлбөр төлсөн баримтын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргана.
Тусгай зөвшөөрлийг сунгахад тусгай зөвшөөрлийн хугацаанд нөхцөл шаардлагыг ханган ажилласан байдлыг шалган үзэж, холбогдох албаны дүгнэлтийг үндэслэнэ.