Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 44 дэх жилдээ зохион байгуулж буй олон улсын захидал бичих уралдаанд Монгол улс оролцохоор хүсэлт гаргасан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо санаачлан Нийслэлийн боловсролын газар, Монгол Шуудан ТӨХК-тай хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү захидал бичих уралдааны зорилго нь дэлхийн улс орнуудын өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний чадварыг нэмэгдүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, шуудангийн үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулахад оршдог билээ. Тэр ч утгаараа дэлхийн олон улс оронд үндэсний хэмжээнд тус уралдааныг зохион байгуулж шалгарсан бүтээлээ олон улсын уралдаанд оролцуулдаг. Жил жилийн захидал бичих сэдэв өөр байдаг бөгөөд энэ жилийн тухайд “Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдвээр зарласан юм.
“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидал бичих уралдааныг Монгол орон даяар 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарч байна.
Захидлын уралдаанд оролцогчид нь сэдвийн дагуу бичсэн захидлаа нийслэлд “Дүүргийн боловсролын газарт” орон нутагт “Монгол шуудан” ТӨХК-ийн салбарт хаяглан явуулна. Эцсийн шалгаруулалт нийслэлд 2015 оны 04 дүгээр сарын 06, орон нутагт 4 дүгээр сарын 16 хүртэл явагдах ба 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс тэргүүн байр эзэлсэн 1 бүтээлийг улсын шалгаруулалтанд хүлээн авна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь улсын уралдаандаанд түрүүлсэн 1 бүтээлийг НҮБ-ын албан ёсны хэл дээр орчуулан олон улсын уралдаанд оролцуулахаар явуулах юм.
Энэхүү “Миний амьдарх мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидал бичгийн уралдаанд боловсролын байгууллагууд, эцэг эхчүүд, 15 хүртэлх насны хүүхдүүдээ идэвхтэй дэмжин оролцуулахыг уриалж байна.
Захидал бичгийн уралдааны удирдамж:
- Орон нутгаас оролцох бол уралдааны удирдамжийг эндээс харна уу.
- Нийслэлээс оролцох бол уралдааны удирдамжийг эндээс харна уу.
Жич: Дэлхийн шуудан холбооны байгууллагаас зарласан уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.