Home / Articles / Улс хоорондын буухиа шуудан болон дотоодын шуудангийн...
Улс хоорондын буухиа шуудан болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын мэдээлэл
2014-11-14
Улс хоорондын буухиа шуудан болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын мэдээлэл Улс хоорондын буухиа шуудан болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооноос улс хоорондын буухиа шуудан болон шуудангийн үндсэн үйлчилгээ эрхлэх “Б” ангилал мөн шуудангийн сүлжээ байгуулах “А” ангиллын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Монгол улсын Харилцаа холбооны тухай , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай , Шуудангийн тухай хуулиуд болон стандартын мөрдөлт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, гэрээний хэрэгжилтэнд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэгч 6,  дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгч 4, нийт 10 аж ахуйн нэгжид хийж гүйцэтгэлээ.

Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэгчид

Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэгч Монгол шуудан ТӨХК /EMS/ болон Ди Эйч Эл (DHL), Туушин (Fedex), Централ экспресс (OCS), Сэлэнгэ групп (UPS), Мат (TnT) ХХК-ууд  тус хорооноос олгосон  тусгай зөвшөөрлийн дагуу нэгээс 200 гаруй орнуудын шуудангийн байгууллагуудтай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна.

 Монгол шуудан ТӨХК/EMS/, Ди Эйч Эл ХХК/DHL/-ууд нь  шуудангийн ажлын байр-MNS5540:2005 стандартад заасан шуудангийн үйлчилгээ үзүүлэх, илгээмжийг ялган боловсруулах, илгээмжийг хадгалах ажлын байртай бол бусад нь үйлчилгээний танхим болон илгээмж хадгалах зориулалтын өрөө тасалгаа хангалтгүй  байна.  Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэгчид  Шуудангаар үйлчлэгч хоорондын мэдээлэл солилцоо MNS5541-1:2005, MNS5541-2:2005, MNS5541-3:2005, MNS5541-4:2005 стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдсөнөөр хэрэглэгчид өөрийн шуудангийн илгээмжийг байршил, гардуулалтын мэдээллийг хүссэн цагтаа авах боломжоор хангагдсан байна.

Мөн Туушин/Fedex/, Централ экспресс /OCS/ ХХК-ууд MNS5881:2008 стандартын дагуу өдөр тутмын үйл ажиллагаандаа хөдөлмөр  хамгааллын (үйлчилгээний) хувцас өмсөөгүй байсан бөгөөд үүнээс гадна хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн булан, үйлчилгээний үнэ тариф зэргийг танхимд байрлуулаагүй, өдрийн тэмдэгтийг байнга ашигладаггүй болон гардуулалтын дэвтэрт хүлээн авагчийн нэр, гарын үсэг мөн огноог бүрэн гүйцэд бичдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байна.

Дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгчид

Монгол улсад шуудангийн үндсэн үйлчилгээ үзүүлэгч 4 аж ахуйн нэгжээс Монгол шуудан ТӨХК нь  бүх нийтийн үйлчилгээний үүргийг хүлээсэн үндсэн сүлжээ эзэмшигч бөгөөд 100 хувь төрийн өмчит байгууллага болно.  Харин Улаанбаатар шуудан, Түгээмэл шуурхай шуудан, Скайпост ХХК-ууд нь  100 хувь хувийн шуудангийн байгууллагууд юм.

Монгол шуудан ТӨХК нь  дэлхийн 200 гаруй улстай улс хоорондын шуудан, мөн 36 улстай  улс хоорондын буухиа шуудан солилцдог бөгөөд Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 335 сумдын салбар, Улаанбаатар хотын 39 салбартайгаар шуудангийн 20 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжид хүргэж байна.

Одоогийн байдлаар тус компани нь улс, хот хоорондын шууданг долоо хоногт 2-5 удаа, аймгийн төв сум хооронд 1-3 удаа, сумаас 1200 гаруй багт нэг удаа, Улаанбаатар хотын салбаруудад өдөр 2-3 удаагийн хүргэлт үйлчилгээг хийж байна.

Харин  Улаанбаатар шуудан, Түгээмэл шуурхай шуудан, Скайпост ХХК-ууд нь одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ аймгууд болон  Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 7 хоногт 2 удаа мөн Улаанбаатар хотын  6 дүүрэгт өдөрт 2 удаагийн давтамжтай хүргэлт хийж, ард иргэд аж ахуйн нэгжид  шуудангийн 10 гаруй нэр төрлийн үйлчилгээг хүргэж байна.

Үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь шуудангийн уламжлалт үйлчилгээнээс гадна онлайн худалдаа хийх, захиалга авах, гадаад паспорт хүргэх, санхүүгийн тайлан хүргэх, хэвлэлийн эртийн хүргэлт хийх зэрэг шинэ үйлчилгээнүүдийг амжилттай эхлүүлж байгаа боловч технологийн үйл ажиллагаанд дараах зөрчил дутагдал байсаар байна. Үүнд:

Шуудангийн үндсэн үйлчилгээ эрхлэгч компаниуд нь аймаг, хот хоорондын шуудан тээвэрлэлтийн гэрээг холбогдох байгууллагуудтай хийгээгүй, мөн хугацаа дууссан  байлаа.

 “Шуудангийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2-т заагдсан  аймаг, нийслэл, хот хоорондын  болон хотын доторхи шуудангийн илгээмжийг хүргэх хуваарь, чиглэлийг  батлуулаагүй,  мөн хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үйлчилгээний үнэ тарифыг хянуулалгүй шууд баталсан мөн батлаагүй тариф мөрдсөн зэрэг нийтлэг зөрчлүүд харагдаж байна.

Иймд шалгалтын явцад Монгол улсад мөрдөгдөж буй шуудангийн стандартууд болон тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагыг үйл ажиллагаандаа бүрэн мөрдөөгүй газруудад гарсан зөрчлийг хэрхэн арилгах, стандартыг мөрдүүлэх талаар газар дээр нь заавар зөвлөгөө өгч, хугацаатай албан шаардлага, зөвлөмж хүргүүллээ.