Home / Articles / Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад үзлэг, шалгалт...
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад үзлэг, шалгалт хийсэн тухай тайлан
2014-11-06

Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд ээлжит үзлэг шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 9-ний өдрүүдэд, 8 дугаар сарын 05-13-ны өдрүүдэд кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд зохион байгуулж үйлчилгээ эрхлэгчдийн Монгол улсын хууль тогтоомж, Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хэрэгжилт, техникийн стандарт хангасан байдал, өнгөрсөн удаагийн үзлэг, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын дагуу авсан арга хэмжээ, гүйцэтгэлийн байдлыг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Шалгалтанд телевизийн өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, кабелийн 49 суваг  хамрагдлаа.

Тусгай зөвшөөрлийн гэрээ, түүнд тавигдсан нөхцөл шаардлагын хувьд нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа нь 15 минутаас хэтрэхгүй байх, Монгол бүтээлийн эзлэх хувь хэмжээ хөтөлбөрийн 50 хувиас доошгүй байх, хөтөлбөрийн цагийн хуваарийн баримтлал зэрэг үзүүлэлтүүдээс гадна телевизүүдийн хөтөлбөрийн бүтцийг авч үзсэн. Тухайн телевизийн өөрийн бүтээл үйлдвэрлэл, хөтөлбөр бэлтгэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилгоо болгосон байдал, арилжааны шинжтэй нэвтрүүлгийн хувь хэмжээ зэрэгт телевиз тус бүрээр үнэлэлт өгч, телевизүүдийн хөтөлбөрийн өнөөгийн байдлыг харьцуулан авч үзсэн болно. Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд нэг өдрийн хөтөлбөрийн  80 хувиас доошгүй нь төрөлжсөн чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлэг байх нөхцөл шаардлагын заалтын биелэлтийг шалгалаа.

Техникийн стандартын хувьд телевизийн студийн хэмжээ, гэрэлтүүлэг, акустикийн шаардлага, тоног төхөөрөмжийн технологи үйл ажиллагааны стандартыг хангасан байдалд үзлэг шалгалт хийснээс гадна телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд эфирийн студийн дүрс болон дууны үндсэн гаралтын дохионы хэмжилтийг хийсэн.

Өнгөрсөн удаагийн шалгалтаар өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу хийгдсэн ажил, авагдсан арга хэмжээг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт өглөө.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж байгаа 16 үйлчилгээ эрхлэгчид хийсэн үзлэг шалгалтаар 4 үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхийг сануулах, 2 үйлчилгээ эрхлэгчид сануулга үүрэг даалгавар, 10 үйлчилгээ эрхлэгчид үзлэг шалгалтын дүнг мэдэгдэн, үүрэг даалгавар хүргүүлэх арга хэмжээ авлаа.

Дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү.

Улаанбаатар хотод үйлчилгээ эрхэлж байгаа 49 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн үзлэг шалгалтаар 1 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 4 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, 21 үйлчилгээ эрхлэгчид сануулга үүрэг даалгавар, 14 үйлчилгээ эрхлэгчид үүрэг даалгавар хүргүүлэх арга хэмжээг тус тус авлаа.   

Дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү.

Үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг зөрчил, дутагдлыг дурьдвал:

  • Зарим телевизийн хувьд хүүхэд боловсрол, уламжлал ёс заншлын төрлийн нэвтрүүлэг 5% хүрэхгүй байна.
  • Зарим телевизийн бизнес арилжааны шинжтэй нэвтрүүлгийн хувь өдрийн хөтөлбөрийн 10-20%-тай байна.
  • Зар сурталчилгааны 1 цагийн 15 минутын хэтрэлт өмнөх онуудтай харьцуулахад буурсан ч зөрчил байсаар байна.
  • Хөтөлбөрт тусгаагүй нэвтрүүлэг явуулдаг, хөтөлбөрийн цагийн хуваарь мөрдөхгүй байх зөрчил буурсан ч мөн байсаар байна.
  • Үзэгчдийн санал, гомдол хүлээн авч шийдвэрлэх журам байхгүй, хүлээн авсан санал, гомдолд анализ дүгнэлт хийдэггүй.
  • Техник стандартын хувьд техникийн холболтын схем зураг байдаггүй, техникийн үзвэр үйлчилгээ хийдэг хуваарьгүй, үзлэгийн тэмдэглэл тэр бүр хөтөлдөггүй.
  • Холбоо барих хаяг, удирдлагын өөрчлөлтийн мэдээллээ албан ёсоор ирүүлдэггүй зэрэг зөрчил дутагдлууд байсаар байна.

Үйлчилгээ эрхлэгчдийн сайн талуудыг дурьдвал:

  • Зарим телевиз сувгууд нь телевизийн зориулалттай өөрийн байртай болсноор, техник, технологийн шинэчлэлд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.
  • Сүүлийн үеийн техник төхөөрөмж ашиглан стандартын дагуу студи, техник тоног төхөөрөмжийн холболт суурилуулалтыг хийж гүйцэтгэх болсон.

Насны ангилал тэмдэг тэмдэглэгээг тодорхой хэмжээнд ашиглаж байгаа.