Home / Articles / Мэдээлэл харилцаа холбооны стандартчиллын техникийн хороо хуралдав
Мэдээлэл харилцаа холбооны стандартчиллын техникийн хороо хуралдав
2014-11-01

Мэдээлэл Харилцаа Холбооны Стандартчиллын техникийн хорооны ээлжит хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж тус хорооноос захиалан санхүүжүүлсэн дараах стандартуудыг хэлэлцэв. Үүнд:

1. “Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоонд аудит хийх, гэрчилгээжүүлэх байгууллагад тавигдах шаардлага”

Энэхүү стандарт нь Олон улсын стандартчиллын байгууллагын ISO/IEC 27006 стандартыг 1:1  харьцаагаар хөрвүүлсэн хувилбар бөгөөд баталгаажуулах эрх бүхий байгууллагууд энэ стандарт дээр суурилан байгууллагын Мэдээллийн Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоонд аудит хийх, гэрчилгээжүүлэх боломжтой.

2. “Мэдээллийн технологи - Нээлттэй системүүдийн харилцан холболт. Таниулах үйлчилгээний тодорхойлолт”

НСХХ-ын 6 түвшингийн үйлчилгээний багц стандартууд өмнөх жилүүдэд батлагдсан бөгөөд Таниулах үйлчилгээний ISO/IEC 8822 стандартыг 1:1 зарчмаар орчуулж, үндэсний стандарт болгон батлуулах нь Мэдээллийн технологийн сүлжээг хөгжүүлэх, сүлжээгээр дамжуулах мэдээллийн үнэн зөв, шуурхай, аюулгүй дамжууллыг хангах, мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд чухал ач холбогдолтой суурь-багц стандартуудын нэг юм.

3. Тоон ТВ-ийн DVB-T2 тюнертэй хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн үзүүлэлт, хэмжилтийн аргачлал”

Энэхүү стандартыг 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр батлагдан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх ОХУ-ын ГОСТ Р 55947-2014 “Тоон дүрсийн өргөн нэвтрүүлэг; Хоёр дах үеийн тоон телевизийн (DVB-T2) өргөн нэвтрүүлгийн хүлээн авагч. Үндсэн үзүүлэлтүүд, Техникийн шаардлага. Хэмжилт ба шалгалтын аргачлал” стандартыг суурь үндэслэл болгон боловсруулсан.

Манай улс телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системийн газрын дамжуулах сүлжээндээ Европын стандарт болох DVB-T2 сонгон авч ашиглаж байгаатай холбогдон зах зээлд импортоор нийлүүлэгдэж байгаа болон дотооддоо үйлдвэрлэгдэж байгаа хэрэглэгчийн төхөөрөмжийг  Монгол улсын MNS6400:2013 стандартын шаардлагад нийцсэн эсэхийг хэрхэн хэмжилт, туршилт хийж тогтоож баталгаажуулалт хийхийг тодорхойлохын тулд энэхүү стандарт нь боловсруулагдаж байгаа юм.

4. IPTV хэрэглэгчийн төхөөрөмж. Техникийн нөхцөл ба тохирлын сорил”

IPTV үйлчилгээг ашиглах хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний чанар, хэрэглэгчийн тоног төхөөрөмж стандарт хангасан байх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд энэхүү стандарт батлагдсанаар хэрэглэгчийн төхөөрөмжид сорил, үнэлгээ хийж баталгаажуулах боломж нээгдэх ач холбогдолтой юм.

Тус хуралдаанаар дээрх нэр бүхий стандартуудыг Стандартчиллын Үндэсний Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.