Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын A/104 болон А/131 тоот тушаалуудын дагуу Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд аймгуудын төв болон Завхан аймгийн Тосонцэнгэл суманд радио давтамж ашиглан харилцаа холбооны үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн гэрээ, холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлагын хэрэгжилтийн биелэлтийг шалгах, тоног төхөөрөмжийн стандарт шаардлага хангасан байдалд хэмжилт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор 2014 оны 06-р сарын 06-аас 19-ний, 07-р сарын 15-наас 20-ны өдрүүдэд тус аймгуудад ажиллаа.
Үзлэг шалгалтанд нийт тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевизийн өргөн нэвтрүүлгийн 11, телевизийн олон сувгийг дамжуулах 13, радио өргөн нэвтрүүлгийн 8, кабелийн сувгийн 5 тусгай зөвшөөрөл эзэмшигчид тус тус хамрагдсан бөгөөд хэмжилт, шалгалтыг дараах чиглэлүүдээр хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал тухайлбал, нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа, Монгол бүтээлийн эзлэх хувь хэмжээ, хөтөлбөрийн цагийн хуваарийг баримтлах, кабелийн сувгийн төрөлжилтийн байдал зэрэг үзүүлэлтүүдээс гадна телевизийн хөтөлбөрийн бүтцийг авч үзсэн ба тухайн телевизийн өөрийн бүтээл үйлдвэрлэл, хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилгоо болгосон байдал, арилжааны шинжтэй нэвтрүүлгийн хувь хэмжээ, мэдээ, мэдээлэл, орон нутгийн иргэдэд чиглэсэн нэвтрүүлэг, киноны эзлэх хувь хэмжээнд телевиз тус бүрээр үнэлэлт өгөх, түүнчлэн техник стандарт хангасан байдлыг MNS 5592-1:2006: Телевизийн студи – Үндсэн шаардлага, MNS 5592-2:2006: Телевизийн студи – Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага хангасан байдалд үнэлэлт өгөх;
- Телевизийн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн нийт сувгийн тоо, гадаад, дотоод сувгуудын харьцаа болон тухайн орон нутагтаа Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, кабелийн сувгийн дамжуулалын байдал, тусгай зөвшөөрөлгүй суваг дамжуулж байгаа эсэх; хэрэглэгчийн үйлчилгээ, гэрээ, эрх ашиг, гомдол саналыг хэрхэн барагдуулдаг эсэх, үйлчилгээний нөхцөл, чанарын байдалд хяналт хийж заавар зөвлөгөө өгөх;
- Дэд бүтцийн (цамхаг, антенн, тоног төхөөрөмж байрлуулах зай талбай, цахилгаан тэжээл, газардуулга холбох цэг гэх мэт) ашиглалтын байдлыг тогтоох, дүгнэлт гаргах, нэвтрүүлэх станцын гаралтын чадлыг хэмжих, радио, телевиз, агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын нэвтрүүлэгчийн цацаргалтын спектрт дүгнэлт өгөх, харилцан нөлөөллийг тодорхойлох, үүрэн холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас ирүүлсэн гомдлыг шалгах, РТС УТҮГ-ын орон нутгийн олон сувгийн телевизийн гаралтын чадал болон спектрийн хэмжилт шалгалтыг хийх, утасгүй интернетийн 2.4ГГц болон 5ГГц-ийн радио давтамжийн ашиглалтын байдлыг тодорхойлж үнэлэлт, дүгнэлт өгөх, ICS Telecom.exe программыг ашиглан дээрх аймгуудад үйл ажиллагаа явуулж буй ФМ, ТВ-үүдийн хамрах хүрээний тооцоололыг хийж тархалтыг тогтоох зэрэг чиглэлүүдээр хийлээ.
- Үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг зөрчил, дутагдлыг дурьдвал:
- Үйлчилгээний чиглэлээр:
Телевиз, радио кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид: ихэнх телевизүүдийн хөтөлбөрийн бүтэц нь орон нутгийн мэдээ, ярилцлагын цаг, зар сурталчилгаа, УСК, хүүхэлдэйн кино, клип зэргээс бүрддэг. Өөрийн бүтээсэн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийн нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ бага 10-15%-тай, Монгол бүтээлийн хувь хэмжээ нөхцөл шаардлагад заагдсаны дагуу 50%-д хүрдэггүй. Интернэтээс дуу, дүрсийн шаардлага хангахгүй бүтээлүүдийг хуулж нэвтрүүлдэг.
- Зарим телевиз, радио нь тогтсон хөтөлбөргүй, хөтөлбөрийн урт хугацааны бодлого төлөвлөлтгүй, насны ангилал тэмдэг тэмдэглэгээг ашигладаггүй. Нэвтрүүлэг, кинон доогуур урсдаг зарыг тогтмол урсгасан хэвээр байна.
- Кабелийн сувгууд “Кабелийн суваг” гэх төрөлжсөн чиглэлээ илэрхийлдэггүй, хөтөлбөрийн төрөлжсөн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулдаггүй.
- Зарим радио нь дуугаа автоматаар эфирт олон цагаар өрж тавьдаг, өөрийн бүтээл байхгүй, үйл ажиллагааг тотмол хариуцсан хүнгүй, тогтсон хөтлөгчгүй.
- Ихэнх телевиз, радио, кабелийн сувгийн студи нь стандарт шаардлага хангалтгүй, паркетан шалтай, студийн акустик хийгдээгүй, тоног төхөөрөмжийн газардуулга, кабелийн сувагчлалгүй, тоног төхөөрөмжөө зөв байршуулаагүй, зориулалтын зогсуур, хэмжилтийн багаж төхөөрөмжгүй, хэмжилт тохиргоо, үзлэг үйлчилгээ хийдэггүй.
- Эфирээ эвлүүлгийн программ ашиглаж явуулдаг, эфирийн дуу, дүрсийн гаралтанд тавьж буй хяналт сул, командын холбоо байдаггүй, студэд зориулалтын гэрэл ашигладаггүй, хяналтын мониторгүй төдийгүй дуу, дүрсийн гаралт, дамжуулалтыг зориулалтын бус кабелиар холбодог.
- Телевизийн нэвтрүүлгийг хэвийн сааталгүй дамжуулах үүднээс үндсэн болон нөөц горимд шилжин ажиллах техникийн боломжгүй. Техник, тоног төхөөрөмжиндөө үзлэг үйлчилгээ хийдэггүй.
- Зарим телевизүүдийн студи, эфирийн өрөө, нэвтрүүлэх станц зэрэг нь хамтдаа нэг өрөөнд байрладаг.
- Орон нутагт мэргэжлийн боловсон хүчний нөөц дутагдалтай ч мэргэжлийн хүнийг гэрээгээр авч ажиллуулах, заавар зөвлөгөө авах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх талаар төдийлөн анхаардаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдалтай байлаа.
- Олон сувийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь хэрэглэгчийн гэмтэл саатал, гомдлыг хүлээн авсан бүртгэл хөтөлдөггүй, зарим үйлчилгээ эрхлэгчид нь бүртгэсэн хэдий ч мэдээллийн бүртгэлдээ анализ хийдэггүй, тухайлбал гарсан гэмтэл саатлын шалтгаан түүнийг арилгах, бууруулах талаар авч буй арга хэмжээ дутмаг байна. Мөн гэмтэл барагдуулах хяналтын хугацаа хэрэглэгчдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхой бус, ашиглалт үйлчилгээний горим алдагдсан, энэ чиглэлээр тогтсон дүрэм журамгүй байна.
- Телевизүүдээс кабелийн телевизийн студэд ирж байгаа дуу дүрсийн сигналын чанар болон хэрэглэгч дээр ирж буй дохионы түвшин харилцан адилгүй, стандартын шаардлага хангалтгүй, түүнд тавих хяналт сул.
- Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн дагуу тухайн телевиз, радио, кабелийн сувгийн эрх эзэмшигчээс гэрээний үндсэн дээр заавал албан ёсны зөвшөөрлийг авсан байх шаардлагатай хэдий ч үйлчилгээ эрхлэгчидтэй албан ёсны гэрээг байгуулаагүй, зарим байгуулсан гэрээнд стандартын үзүүлэлтүүдийг хангасан сигнал өгч, дамжуулж байх, зөрчигдсөн тохиолдолд талуудын хүлээх үүрэг хариуцлагыг хэрхэн тооцох талаар тодорхой заалтууд тусгагдаагүй;
- “Гадаадын аль нэг улсын телевизийн сувгийн тоо нь нийт гадаадын сувгийн 30 хувиас хэтрэхгүй байна.” гэсэн нөхцөл шаардлагын хэрэгжилт хангалтгүй.
- Ихэнх кабелийн телевизүүд хэрэглэгчийн гомдол саналаа хэрхэн шийдвэрлэдэг нь тодорхой бус, хэрэглэгчийн үйлчилгээ муу, хэрэглэгчтэй байгуулдаг гэрээ нь найруулга, үг үсгийн алдаа ихтэй, үйлчилгээ эрхлэгчийн эрх ашиг давамгайлсан, дуудлага өгөх утас хаягийн мэдээлэл хангалтгүй, хэрэглэгчдэд үнэ тариф, сувгийн талаарх мэдээлэл, заавар зөвлөмж, танилцуулга, гарын авлага, тараах материалаар хангадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдалтай байлаа.
Дэд бүтцийн ашиглалтын байдлыг шалгахад:
Антенн байрлуулах цамхагийн тоо цөөн, дэд бүтэц хангалтгүй, цамхагт байрлах антенны тоо, хоорондын зай, өндрийн хэмжээ стандарт шаардлага хангахгүй, антенны техникийн үзүүлэлт тодорхойгүй, антенн болон нэвтрүүлэгчийн байршил тусгай зөвшөөрөлд зааснаас өөрчлөгдсөн. Энэ тухай мэдээллийг ХХЗХ-нд ирүүлж, тусгай зөвшөөрөлд тусгуулаагүй, газардуулгагүй, МХС ТӨК-ийн байранд байрладаг үйлчилгээ эрхлэгчид болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчидээс бусдын ихэнх нь цахилгаан тэжээлийн нөөц үүсгүүргүй, тоног төхөөрөмжийн холболт стандарт шаардлага хангахгүй, өрөө хөргөлтийн системгүй,студи, дамжуулах төхөөрөмжүүдийн дуу, дүрсийн холболтонд зориулалтын бус кабель ашигласан.
- Нэвтрүүлэх станцын гаралтын чадлыг хэмжихэд:
Нэвтрүүлэгчийн чадал тусгай зөвшөөрөлд зааснаас зөрөөтэй. /их эсвэл бага/
- Радио, телевиз, ММДС-ийн нэвтрүүлэгчийн цацаргалтын спектрт дүгнэлт өгөх, харилцан
нөлөөллийг тодорхойлох хэмжилтийг хийхэд:
Тусгай зөвшөөрөлд заасан давтамж хазайлттай буюу өөр давтамж дээр ажилладаг, радио линкийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг, ММДС-үүд тусгай зөвшөөрөлд заасан давтамжийн зурвасаас өргөн зурвасаар дамжуулалт хийдэг.
Спектрийн хэмжилтийн хувьд: Хажуугийн цацаргалттай, ашиглах зурвасын өргөн стандарт хэмжээнээс илүү, 2 догч, 3 дагч гармоник үүссэн.
- РТС УТҮГ-ын олон сувгийн телевизийн программын гаралт болон спектрийн хэмжилт шалгалт хийхэд:
ХХЗХорооноос хуваарилсан телевизийн сувгууд дээр тохируулга хийгээгүй, суваг хоорондын харилцан нөлөөлөл ихтэй, нэвтрүүлэгчийн гаралтын чадал бага, чадал тогтворгүй, хамрах хүрээ бага, хангалтгүй, тоног төхөөрөмж байрлуулсан өрөө техникийн стандарт шаардлага хангахгүй. /Хөргүүргүй, цахилгаан тэжээлийн нөөцгүй, зай бага гэх мэт/, сувгийн хүлээн авах дохионы түвшин харилцан адилгүй, хажуугийн цацаргалт ихтэй, хариуцсан ИТА нь хэмжүүрийн багаж болон бусад багаж төхөөрөмжөөр дутмаг зэрэг нийтлэг дутагдлууд гарч байлаа.
Үйлчилгээ эрхлэгчдийн сайн талуудыг дурьдвал:
- Өөрийн бүтээлийг нэмэгдүүлэх талаар ажиллаж үндэсний соёл, уламжлал, зан заншилаа танин мэдүүлсэн, соён гэгээрүүлэх, чиглэлийн тодорхой нэвтрүүлгүүдтэй болж, чат, урсдаг үгэн зарыг зогсоож, зарыг хөтөлбөр хуваарьтаа оруулан дуу хоолойгоор уншиж хүргэдэг болсон. Тухайлбал: Увс аймаг Улаангом сумын “Хоса ТВ” ХХК-ийн MBC, “Сама” ХХК-ийн Сама телевизүүд
- Хууль зөрчсөн зар сурталчилгаа явуулахгүй бодлого барьж, орон нутгийн цагдаа, эрүүл мэнд, боловсролын газруудтай хамтран ажилладаг.
- Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд хэмжилт, шалгалтыг хийхэд тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байлаа.
- Нэвтрүүлэгчийн гаралтын чадал болон спектрт хэмжилт хийхэд: Увс аймгийн Улаангом хотын Мөнхтайхар баясах ХХК-ийн Хархираан цуурай ФМ спектрийн хувьд бусдаас илүү сайн.
- Холболт, сувагчлал, студийн тохижилтын хувьд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЖССМ БГБХ нөхөрлөл КаТВ-ийн ЖСММ КаТВ, Ховд аймаг Жаргалант сумын “Некст дэвшил” ХХК-ийн Олон ястны ТВ-үүдийн тоног төхөөрөмжийн холболт, сувагчлал, студийн тохижилтыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хийсэн нь сайшаалтай байлаа.
Утасгүй интернетийн 2.4ГГц болон 5ГГц-ийн радио давтамжийн ашиглалтын хувьд:
Тус давтамжийн зурвасуудад Dell Notebook болонVistabler программ ашиглан хэмжилт хийхэд:
-5ГГц-ийн зурваст радио үүсгүүр илрээгүй.
-2.4ГГц зурваст:
Баян-Өлгий аймагт: 14 үйлдвэрлэгч /vendor/-ийн-76 төхөөрөмж, Увс аймагт: 14 үйлдвэрлэгч /vendor/-ийн-76 төхөөрөмж, Завхан аймагт: 12 үйлдвэрлэгч /vendor/-ийн-52 төхөөрөмж, Говь-Алтай аймагт: 18 үйлдвэрлэгч /vendor/-ийн-70 төхөөрөмж, Ховд аймагт: 15 үйлдвэрлэгч /vendor/-ийн-64 төхөөрөмж ажиллаж байсан. Мөн аймгийн төвүүдэд МТШХХГ-ийн хэрэгжүүлсэн төслөөр тавигдсан outdoor төхөөрөмжүүд илэрсэн.
Хууль бус хэрэглээний хувьд:
Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хувьд хууль бус хэрэглээ нилээдгүй байсныг хэмжилтээр илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
Ховд аймгийн Жаргалант суманд иргэн Эрдэнэчимэг 102.5МГц-ийн давтамж дээр радио, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Олон нийтийн Алтай радио телевиз” телевиз, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Баян-Өлгий аймгийн Хэвлэл Мэдээллийн төв телевиз, Завхан аймгийн Улиастай суманд иргэн Эрдэнэбаатар 104.5МГц-ийн давтамж дээр радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж байсныг тогтоон холбогдох Мэргэжлийн хяналтын байцаагчидад үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах, болон мөнгөн торгууль ноогдуулах. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Ауразон ХХК 89.9МГц-ийн давтамж дээр ФМ радио, РТС УТҮГ 106.5МГц-ийн давтамж дээр ФМ радиогийн үйлчилгээ явуулж байгааг тогтоож тус байгууллагуудад мэдэгдэж хуулийн дагуу зогсоох арга хэмжээ авахыг шаардаж, мөнгөн торгууль ноогдуулахаар шийдвэрлээд байна.