Home / Articles / Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног...
Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийнэ
2014-07-30
Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийнэ Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийнэ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжүүдэд сорилт, туршилт хийх, үр дүнг үндэслэн тухайн төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгох бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оноос идэвхитэй ажиллаж эхлээд байна.

Энэ хугацаанд “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам” түүнчлэн чанарын гарын авлага, бусад холбогдох баримт бичиг зэргийг олон улсын ISO:17065 болон үндэсний MNS ISO:17065-2013 стандартын хүрээнд боловсруулж батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2013 онд баталгаажуулалтын чиглэлээр ХБНГУ-ын “TUV Sud” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Мэдээлэл, харилцаа холбооны салбарт тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийгдэх ажилд томоохон дэвшил гаргасан. Түүнчлэн тус хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны хүрээнд БНСУ-ын Мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн хүрээлэн (KISDI)-тэй хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээний хүрээнд баталгаажуулалт, тохирлын чиглэлээр сургалт зохион байгуулсан.

Дээрх ажлуудыг зохион байгуулж хүчин чармайлт гаргасны үр дүнд Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс Стандартчлал, хэмжилзүйн газарт хандан Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийж буй үйл ажиллагаагаа итгэмжлүүлэхээр 2013 оны 08 дугаар сард хүсэлт гарган улмаар 2013 оны 11 дүгээр сар, 2014 оны 04 дүгээр сар болон 05 дугаар сард Стандартчлал, хэмжилзүйн газраас ажлын хэсэг зохион байгуулагдан Зохицуулах хороонд ажиллаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн.

Ийнхүү Стандарчлал, хэмжилзүйн газрын даргын 2014 оны А/218 тоот шийдвэрээр Харилцаа холбооны зохицуулах хороог Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх үйл ажиллагааг 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатайгаар итгэмжилж, гэрчилгээг олгосон.

Энэхүү баталгаажуулалт хийх итгэмжлэлийн хамрах хүрээ нь:

  1. Нийтийн хэрэглээний хөдөлгөөнт (Public Mobile) хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүд;
  2. Хувийн хэрэглээний хөдөлгөөнт (Private Mobile) төхөөрөмжүүд;
  3. Суурин утасгүй холбооны (Fixed Wireless) төхөөрөмжүүд;
  4. Богино зайн радио холбооны (Short Range Devices) төхөөрөмжүүд;
  5. Хиймэл дагуулын (Satellite)төхөөрөмжүүд;
  6. Өргөн нэвтрүүлгийн (Broadcasting) төхөөрөмжүүд;

Түүнчлэн Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүдэд баталгаажуулалт хийж тохирлын гэрчилгээ олгохтой холбоотойгоор дараахь баримт бичгүүдийг боловсруулан мөрдлөг болгон ашиглаж байна. Үүнд:

  • Чанарын гарын авлага;
  • Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам;
  • Баримт бичгийн хяналтын журам;
  • Бүртгэлийг хөтлөх, нэвтрэх, хадгалах, устгах журам;
  • Дотоод аудит, хяналт мониторингийн журам;
  • Удирдлагын дүн шинжилгээ хийх журам;
  • Баталгаажуулалтын гэрчилгээ олгох, хадгалах, хугацаа сунгах,  гэрчилгээ цуцлахад тавих журам;
  • Баталгаажуулалтын явцад олж авсан мэдээллийн нууцлаг байдлыг хадгалах журам;
  • Баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан зарга, гомдол, маргаан барагдуулах журам;
  • Үл тохирлыг шийдвэрлэх болон аливаа залруулах, сэргийлэх талаар авсан арга хэмжээний үр нөлөөг хангах журам;
  • Хүлээн зөвшөөрсөн хавсран гүйцэтгэгчийн ур чадварыг үнэлж бүртгэх, хамтран ажиллах, ажиглалт хийх журам;
  • Тохирлын үнэлгээний тайлан, танилцуулга бичих заавар;
  • Баталгаажуулалтын орон тооны бус мэргэжилтэн, хавсран гүйцэтгэгчтэй байгуулах гэрээ;
  • Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ.

Цаашид Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний тоног төхөөрөмж болох үүрэн холбооны бааз станц, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг дамжуулах станц, сансрын холбооны газрын станц болон хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжүүд болох тоон телевизийн дохио хүлээн авах хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмж (set top box), утасгүй интернэтийн (Wi-Fi Modem) хэрэглэгчийн төхөөрөмж, харилцааны суурин болон зөөврийн станц, үүрэн холбооны хэрэглэгчийн төхөөрөмж буюу гар утас зэрэгт сорилт туршилт хийж баталгаажуулан тохирлын гэрчилгээ олгох болно.

Иймд мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн хувьд өөрийн сүлжээнд ашиглаж буй тоног төхөөрөмжөө, харин хэрэглэгчийн төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд зах зээлд борлуулж буй хэрэглэгчийн төхөөрөмжүүдийг зайлшгүй баталгаажуулж, тохирлын гэрчилгээ авч ашиглах, борлуулах шаардлагатай болж байгааг үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг зөвлөмж болгож байна.