Home / Articles / Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин...
Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдлээ
2014-07-02

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр дэмжин батлуулах саналыг 2014.07.01-ний өдрийн УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр хэрэглэгчид үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах буюу дугаартайгаа шилжих үйлчилгээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнээс гадна дугаартайгаа шилжих үйлчилгээ, түүнийг хэрэгжүүлэн зохион байгуулах байгууллагын эрхзүйн статус, дугаартайгаа шилжих үйлчилгээнд оролцох төрийн болон бусад байгууллагын эрх үүрэг, үйлчлэгчийн хүлээх үүрэг нь тодорхой болоод байна. 

 Гэвч хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үүрэн болон суурин холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах техник технологийн шийдлийг эцэслэн шийдвэрлэх, холбогдох дүрэм, журмыг боловсруулан батлах, техникийн болоод зохицуулалтын орчинд гарах зарим өөрчлөлтөд зохицуулалт хийх зэрэг цаг хугацаа шаардсан бэлтгэл ажлуудыг хангасны дараа дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хугацааг албан ёсоор олон нийтэд мэдээлнэ.  

Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч буй оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжоор хангагддаг.

Уг үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байна. Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангаж ажиллахад Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, дүрэм журмын хүрээнд дугаартайгаа шилших үйлчилгээг нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байгааг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан бөгөөд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг ийнхүү дэмжлээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.