Home / Articles / Шуудангийн үнэ тарифын зохицуулалтын тухай
Шуудангийн үнэ тарифын зохицуулалтын тухай
2014-02-18

Харилцаа холбооны зохицуулах хороо нь шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын шинээр мөрдөх үнэ тарифын тооцоог   Монгол улсын шуудангийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан бүрэн эрхийн дагуу үндэслэлийг хянан, дээд, доод хязгаарыг баталж өгдөг.

Шуудангийн үйлчилгээний үнэ тарифыг тухайн үйлчилгээний өртөг зардал (байрны зардал, цалин, тээврийн төлбөр, маягт дагаврын үнэ г.м)-д тулгуурлах зарчмаар тогтоодог бөгөөд өртгийн гол хэсгийг тээврийн хөлс бүрдүүлдэг юм. Улс хоорондын агаарын шуудангийн тээврийн тарифын жишиг үнийг Дэлхийн Шуудан холбоо, Олон улсын Иргэний агаарын тээврийн холбооноос тогтоодог.

Үүний дагуу үндсэн сүлжээ эзэмшигчийн 2014 онд мөрдөх үйлчилгээний үнэ тарифыг хорооны 2013 оны  55 тоот тогтоолоор дээд, доод хязгаарыг шинэчлэн баталж өгсөн нь дотоодын шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт зах зээлээ тодорхойлох, үнэ тарифдаа өөрчлөлт оруулах зэрэг таатай боломжуудыг бүрдүүлж өгсөн юм.

Түүнчлэн улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний үнэ тарифын доод хязгаарыг хорооны  2012 оны 50 тоот тогтоолоор баталсан юм. Гэвч үнэ тарифын мөрдөлтөнд хийсэн шалгалт, өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын гаргасан хүсэлтээс үзэхэд үнэ тарифын доод хязгаарыг одоогийн бодит зардалд тулгуурлан өөрчлөх шаардлагатай  байгаа нь харагдаж байна.

Үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хоёр удаагийн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд  Америкийн нэгдсэн улсаас Монгол улс болон  Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улс руу тээвэрлэх 1кг шуудангийн илгээлтийн зардалд тооцоо хийсний үндсэн дээр  тарифын доод, дээд хязгаарыг хорооны хурлаар шинэчлэн батлуулахаар  бэлэн болгоод байна.

Мөн цаашид  шуудангийн үнэ тарифын тооцооллын үндэслэл, түүний мөрдөлт, зах зээлийн шударга өрсөлдөөн, давамгайллын асуудлаар  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллаж байна.