Home / Articles / Алслагдсан газруудад интернэт хүргэнэ
Алслагдсан газруудад интернэт хүргэнэ
2014-02-07

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Монгол Улсын  Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагууд, түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хөдөлгөөнт холбоонд суурилсан интернэтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр “Кeвико”, “Номсис”, “Викомнэт воркс” ХХК-иудтай утасгүй интернетийн үйлчилгээг оруулахыг дэмжин, бодлого зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тус компанийн удирдлагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээр салбартаа тэргүүлэгч компаниуд нь нийгмийн хариуцлагыг дээдэлж өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэл, дүүргийн алслагдсан гэр хороолол, хөдөө орон нутагт интернэтийг хүртээмжтэй болгох, хамрах хүрээг өргөжүүлэх, төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Компанийн хөрөнгө оруулалтаар хүргэсэн утасгүй интернэтийн сүлжээнд төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн өмчит үйлдвэрийн газруудын  цахим хуудас үнэ төлбөргүй, мөн нэг хэрэглэгч өдөрт 2 удаа 15 минутаар нийт 30 минут тухайн сүлжээнд үнэгүй интернэтэд холбогдох эрхтэйгээр зохицуулалт хийж хамтран ажиллах аж.