ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн мобайл ICT сургалтын төвөөс зарлан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Цахилгаан Холбоо ХК ивээн тэтгэгчээр оролцсон “2013 Smart Mongolia” мобайл контентийн улсын анхдугаар уралдааны эцсийн шалгаруулалт 2013 оны 12 сарын 13-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд боллоо.
Уралдааныг мобайлд зориулсан бүтээгдэхүүний зориулалтаас хамааруулж үйлчилгээ, бизнесс, тоглоом-үзвэр үйлчилгээ гэсэн гурван ангиллын дагуу зарласан бөгөөд нийт 80 гаруй бүтээл ирснээс эхний шатанд 30 бүтээл, хоёрдугаар шатанд ангилал бүрт 5 бүтээлийг шалгаруулж эцсийн шалгаруулалтанд орууллаа. Бүтээлийн уралдааны үйл ажиллагаанд Мэдээллийн технологи, харилцаа, шуудан холбооны газрын төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Алтансүх, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны ЭЗМЗА-ны дарга Т.Наранмандах, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын дарга Чой Хүн Ёл, орлогч дарга Ву Дун Ван, ШУТИС-ийн дэд захирал Д.Батчулуун, Х.Энхжаргал, Т.Намнан, МХТС-ийн захирал Б.Сүхбат нар оролцож шагнал гардууллаа.
Шалгарсан бүтээлүүдийг супер шагнал, БНСУ-ын Данкүк их сургуулийн захирлын нэрэмжит шагналаас гадна ангилал бүрээс I байр нэг, II байр хоёрыг шалгаруулж урамшуулснаас “UNITEL” группын “U-Planet” ХХК-ийн гар утсаа алдахаас сэргийлэх Lost DM бүтээл супер шагнал (3.000.000₮ +MacBook air)-ын эзэн боллоо. I байрын шагналыг таксины ухаалаг үйлчилгээний Ubcab, AR технологийг ашиглаж бүтээсэн Mongolian AR, монгол үндэсний багц тоглоомын 4 шагай бүтээлүүд эзэлж 1.000.000₮ +iPad Mini–ээр, II байрын шагналыг city bus, general smart, my film, би бичнэ, iRestaurant, ургийн бичиг бүтээлүүд тус тус эзэлж 500.000₮ +iPod Touch –оор шагнууллаа. Мөн БНСУ-ын Данкүк Их сургуулийн захирлын нэрэмжит шагнал iPad air+ Данкүк их сургуульд суралцах 100%-ийнтэтгэлэгийг ШУТИС-ийн ХМТС-ийн оюутан Д.Төртүвшин MCU manual robot бүтээлээрээ хүртлээ.
Нэмэлт: БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжаар Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны хөтөлбөр (University Partnership Program)”-ийг хөгжүүлэх хүрээнд 2013 оны 02 дугаар сард БНСУ-ын Данкүк их сургуулиас ШУТИС-ийн МХТС дээр “Мобайл ICT” сургалтын төвийг байгуулсан. Тус сургалтын төв нь сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд, Монгол улсад мобайл ICT мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, чадваржуулах сургалтуудыг үе шаттайгаар үнэ төлбөргүй явуулж байна.