Home / Articles / Зар сурталчилгааны үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа
Зар сурталчилгааны үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа
2013-12-02
Зар сурталчилгааны үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа Зар сурталчилгааны үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа

“Монгол Маркетер” ТББ-аас санаачлан МТШХХГ, ХХЗХ-той хамтран хоёр дахь жилдээ 11 сарын 15-17-нд Мишээл Экспо төвд “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг 2013” амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог 2014 оны 7-р сарын 31-ээс Монгол орон даяар тоон системд шилжихтэй холбогдуулан тоон системийн технологийн дэвшлээр тодорхойлогдсон юм.

Мөн үзэсгэлэн яармагийн хүрээнд болсон “Зар сурталчилгааны салбарын чиг хандлага” сэдэвт бага хурал дээр  МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа – Монгол Улс телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх тухай, ХХЗХ-ын дарга  Б.Балгансүрэн – Телевизийн сурталчилгааны зохицуулалт, MMCG ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ – Зар сурталчилгааны үр нөлөөг өсгөх судалгааны аргачлалууд, ШӨХТГ-ын даргын зөвлөх Б.Ариунаа – Зар сурталчилгаанд тавих хяналт, хэрэгжилт, Монгол хэвлэлийн хүрээлэн мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа–Медиа сурталчилгааг хэрэглэгчийн судалгаанд үндэслэе сэдвээр, -“Монгол Маркетер” ТББ-ын урилгаар БНСУ-ын KBS – Korean Broadcasting System телевизийн мэдээлэл харилцааны газрын доктор Ph.D. Jae-TaekTak– “The future of Advеrtisement in the era of smart  media” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Үзэсгэлэнгийн 3 өдрийн турш хэвлэл мэдээллийн салбарын тухай “Street art” уран бүтээлийг “Бид Монгол Агуулга”-ын залуус  30м-ийн урттай ханан дээр бүтээж, тайзан дээр үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын танилцуулга болон телевизүүдийн шууд нэвтрүүлэг, азтан шалгаруулах онлайн тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдсанаас гадна “Sound of Mongolia” компани хамгийн сүүлийн үеийн шийдлээр тайз засалтыг хийсэн байна.

Зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнгийн идэвхи оролцоо, талбай засалт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулалт хийсэн бөгөөд “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг 2013” арга хэмжээний ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ-р “Алтан алим” ХХК шалгаран, ирэх оны үзэсгэлэн яармагт үнэ төлбөргүй талбай аван оролцох эрхийг цомын хамт гардан авлаа.

Үзэсгэлэнд нийт 70 байгууллагын 130 гаруй зар сурталчилгааны сувгууд оролцсон бөгөөд   сэтгэл ханамжийн судалгаагаар 65 хувь нь өндөр, 18 хувь нь маш өндөр, 17 хувь нь дунд, үзэсгэлэнг сонирхсон оролцогчдын 58% нь эдгээр байгууллагуудтай ирэх онд хамтран ажиллана гэсэн бол, 42% нь аль нэг байгууллагатай хамтарч ажиллахаар болсон гэсэн судалгаа гарсан байна.

“Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг 2013” –т нийт 11879 хүмүүс ирж оролцсоноос 80% нь маркетер, 20% энгийн сонирхогч байсан байлаа.

Эх сурвалж: www.itpta.gov.mn