- ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид контентын үйлчилгээ үзүүлэхэд тавигдах нийтлэг шаардлага, контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн зохицуулалт, сүлжээний нээлттэй байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журмын хүрээнд контентын үйлчилгээ гэдгийг өөрийн компьютерийн төхөөрөмжийг ашиглан харилцаа холбооны сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид техник, технологи, чанарын стандарт шаардлага хангасан аливаа тэмдэгт, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээллийг хүргэх, хадгалах, боловсруулах, ашиглах боломжийг олгож буй үйлчилгээг ойлгоно.
1.3. Энэхүү журмыг интернэтийн үйлчилгээ эрхлэгч, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, суурин холбооны үйлчилгээ эрхлэгч /цаашид “үйлчилгээ эрхлэгч” гэх/ болон контентын үйлчилгээ эрхлэгч нь үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
1.4.Энэхүү журмын хүрээнд мэдээллийн сүлжээ гэдгийг интернэт ашиглан хоёр буюу түүнээс дээш Хэрэглэгчийн хооронд нийтийн үйлчилгээний зориулалтаар аливаа тэмдэг, дохио, бичиг, дуу, дүрс зэрэг бүх төрлийн мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авах сүлжээг хамааруулан ойлгоно.
- ЗОХИЦУУЛАЛТАД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
2.1. Контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан харилцааг Зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар зохицуулна.
2.2. Дараах үйлчилгээг контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ. Үүнд:
2.2.1.харилцаа холбооны сүлжээний дугаарлалт ашиглан цахилгаан холбооны сүлжээнд харилцан холболт, холболт хийж хэрэглэгчид тэмдэгт, дуу, дүрс зэрэг мэдээллийг хүргэх үйлчилгээ (mVoIP, SMS hub, тусгай дугаар)
2.2.2.цахилгаан холбооны сүлжээнд холболт хийж хэрэглэгчид тэмдэгт, дуу, дүрс зэрэг мэдээллийг хүргэх үйлчилгээ (Toki г.м)
2.2.3.мэдээллийн сүлжээнд холбогдож тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан хэрэглэгчид тэмдэгт, дуу, дүрс зэрэг мэдээллийг боломжийг олгож, ашиг олж буй үйлчилгээ (Data center, CDN)
2.3. Радио, телевизийн олон сувгийг интернэтээр дамжуулан гэрээний үндсэн дээр төлбөртэйгээр эцсийн хэрэглэгчид хүргэхтэй холбоотой харилцааг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон холбогдох бусад баримт бичгээр зохицуулна.
2.4. Энэхүү журмын 2.2.1-д заасан үйлчилгээг эрхлэхэд “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын дагуу холбогдох сүлжээний дугаарлалтыг авна.
2.5. Контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны нийтийн үйлчилгээний зориулалтаар сүлжээ байгуулахгүй бөгөөд сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сүлжээг ашиглана.
2.6. Зохицуулах хороо зах зээлд дэх өрсөлдөөний нөхцөл байдалд шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд энэхүү журамд тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
3. МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ [1]НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
3.1. Хууль зөрчсөн эсхүл энэхүү журмын 3.2, 3.3-т тус тус заасны дагуу хязгаарлалт хийхээс бусад тохиолдолд үйлчилгээ эрхлэгчид нь дотоодын контентын үйлчилгээнд интернэт хурдны болон технологийн бусад хязгаарлалт, нэмэлт тохируулгыг тухайн үйлчилгээнд зориулан хийхгүй байна.
3.2. Үйлчилгээ эрхлэгчид нь дараах тохиолдолд контентын үйлчилгээг хаах (block), удаашруулах (slow down), өөрчлөх (alter), хязгаарлах (restrict), саад учруулах (interfere), доройтуулах (degrade) арга хэмжээг авч хэрэгжүүлж болно. Үүнд:
3.2.1.холбогдох хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, эрх бүхий төрийн байгууллагын хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх;
3.2.2.интернэтийн найдвартай, аюулгүй байдлыг хангах;
3.2.3.интернэт дамжуулж буй сүлжээний түгжрэл (internet network congestion)-ийг оновчтой зохицуулах зэрэг болно.
3.3. Үйлчилгээ эрхлэгч нь мэдээллийн сүлжээний багтаамжийн нөөцийн хэмжээ нь Зохицуулах хорооноос тогтоосон үзүүлэлтийг хангасан нөхцөлд сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт арилжааны үйлчилгээг үзүүлж болно. (specialised service)
3.4. Дотоодын контентын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын контентын үйлчилгээг Монгол Улсын Интернетийн дундын холболтын төвд холбож болно.
3.5. Үйлчилгээ эрхлэгчид нь “дата үнэгүй” (zero rating) байх зохицуулалттай дотоод контентын үйлчилгээнд хэрэглэгчийн хурдны ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байна.
3.6. Энэхүү журмын 3.2, 3.3 дах заалтыг хэрэгжүүлэхийн тулд үйлчилгээ эрхлэгч нь ачааллын менежмэнтийн арга хэмжээг Зохицуулах хороотой хамтран авч хэрэгжүүлнэ.
3.7. Үйлчилгээ эрхлэгч нь энэхүү журмын 3.6 дах заалтыг хэрэгжүүлэхдээ ил тод, ялгаварлан гадуурхахгүй, үйлчилгээний техникийн чадвар, шаардлагыг хянах зорилготой байна.
3.8. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн авч хэрэгжүүлж буй ачааллын менежмэнт нь тодорхой агуулгыг хянахгүй.
3.9. Үйлчилгээ эрхлэгч нь ачааллын менежмент хэрэгжүүлэхдээ Зохицуулах хорооноос гаргасан норм, норматив, стандартыг дагаж мөрдөнө.
3.10. Үйлчилгээ эрхлэгчийн хэрэгжүүлж буй ачааллын менежмэнтийн хүрээнд энэхүү журмын 3.2 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүний хувийн мэдээлэл цуглуулах тохиолдолд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөнө.
4. КОНТЕНТЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
4.1. Контентын үйлчилгээ эрхлэгч нь дараах нийтлэг шаардлагыг хангаж ажиллана:
4.1.1 Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 62 тоот тогтоолын Хавсралтаар батлагдсан “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-н 2.2-т заасан зохисгүй агуулгыг илэрхийлсэн аливаа төрлийн контентыг дамжуулахгүй байх;
4.1.2.Монгол Улсын хуулиар хориглоогүй, оюуны өмчийн зөрчилгүй, албаны ёсны эрхтэй контентыг хэрэглэгчдэд хүргэж ажиллах;
4.1.3.хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний эв нэгдлийг хангах;
4.1.4.Монгол Улсын хууль зөрчсөн нь холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон контент, контентын үйлчилгээг устгах, хязгаарлах техникийн боломжийг хангасан байх;
4.1.5.аливаа зохисгүй контентоос хамгаалах зорилгоор тодорхой хязгаарлалт хийх техникийн боломжийг бүрдүүлэх,
4.1.6.хэрэглэгчид 18-аас дээш насныханд зориулсан контентоор үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд урьдчилан сануулж, бүртгэл хийх, бүртгэсэн нэр, нууц үгээр хандалт хийлгэх;
4.1.7.хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс өөрийн үйлчилгээний талаар хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаар болон цахим шуудангийн талаархи мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх;
4.1.8.контентын үйлчилгээ бүрийн тайлбар, ангилал, хэрхэн хандаж үйлчилгээ авах, контентын үнэ, үйлчилгээний төлбөрийг үнэн зөв ойлгомжтойгоор хэрэглэгчид үйлчилгээ авах бүрд урьдчилан мэдээлдэг байх;
4.1.9.хэрэглэгчийн хувийн мэдээллийг зориулалтаас өөр зорилгоор хадгалах, ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулахгүй байх.
5. ХЯНАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ
5.1. Зохицуулах хороо эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хууль тогтоомж зөрчсөн тухай дүгнэлт, шийдвэрт үндэслэн холбогдох технологийн арга хэмжээ авах мэдэгдэлийг үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэлийг нэн даруй хэрэгжүүлнэ.
5.2. Энэхүү журмын 5.1-д арга хэмжээг Зохицуулах хороо нь тухайн зөрчлөөс хамааруулан хууль тогтоомжийн дагуу дараах шат дараалсан арга хэмжээг авна. Үүнд:
5.2.1.эрх бүхий байгууллагын хууль тогтоомж зөрчсөн тухай дүгнэлт, шийдвэрийг үндэслэн зөрчлийг арилгуулах талаар контентын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдэд хугацаатай үүрэг даалгавар, шаардлага, мэдэгдэл хүргүүлэх;
5.2.2.контентын үйлчилгээний Монгол Улсаас хандах хандалтыг мэдээллийн сүлжээнд хязгаарлах.
5.3. Зохицуулах хороо нь энэ журмын 5.2.1-д заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн дараах арга хэмжээ авахыг контентын үйлчилгээ эрхлэгчид даруй мэдэгдэнэ.
5.3.1.мэдэгдэлд дурдсан контентыг эрх бүхий байгууллагаар шалгагдаж дуусах хугацаанд түр хязгаарлах;
5.3.2.мэдэгдэлд дурдсан хууль зөрчсөн контентыг устгах;
5.4. Контентын үйлчилгээ эрхлэгч нь энэхүү журмын 5.3-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг мэдэгдсэнээс хойш 24 хүртэлх цагийн дотор эсхүл шаардлагатай гэж үзвэл даруй хэрэгжүүлж, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэнэ.
5.5. Контентын үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 5.4-д заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй, эсхүл контентын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдтэй холбоо тогтоох боломжгүй бол энэ журмын 5.2.2-д заасан арга хэмжээ авах мэдэгдлийг үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ.
5.6. Үйлчилгээ эрхлэгчид нь энэ журмын 5.5-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд даруй хэрэгжүүлэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгжилтийн талаарх мэдээллийг Зохицуулах хороонд цахим шуудан болон албан бичгээр ирүүлнэ.
5.7. Зохицуулах хороо нь энэ журмын 5.4-т заасан мэдэгдлийг тухайн Контентын үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно.
5.8. Контентын үйлчилгээний Монгол Улсаас хандах хандалтыг сэргээхэд дараах алхамыг хэрэгжүүлнэ. Үүнд:
5.8.1.Зөрчлийг арилгасан талаарх холбогдох эрх бүхий байгууллагын албан бичиг, шийдвэр, дүгнэлтийг Зохицуулах хороонд ирүүлэх;
5.8.2.Зохицуулах хороо нь энэхүү журмын 5.8.1-д заасан албан бичиг, шийдвэр, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсаас хандах хандалтыг сэргээх мэдэгдэлийг үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх;
5.8.3.Үйлчилгээ эрхлэгчид нь энэхүү журмын 5.8.2-д заасан мэдэгдэлийн дагуу хандалтыг мэргээх технологийн арга хэмжээг даруй авах.
5.9. Энэхүү журмын хүрээнд авсан арга хэмжээ, холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн талаар Зохицуулах хороо холбогдох талуудад тухай бүр мэдэгдэж, нэгдсэн тайланг олон нийтэд ил тод мэдээлнэ.
6. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
6.1. Гомдол, маргаантай асуудлыг маргалдагч талууд шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороонд хандаж болно.
6.2. Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу Зохицуулах хороо бүрэн эрхийн хүрээнд тухайн гомдол, маргааныг шийдвэрлэхдээ Зохицуулах хорооноос баталсан “Гомдол, маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ыг мөрдлөг болгоно.
[1] ХХ-ны тухай хуулийн 16.1.Харилцаа холбооны сүлжээ нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон мэдээллийн /интернет, компьютер зэрэг бусад/ сүлжээнээс бүрдэнэ.