Улаанбаатар хот 2021 оны 12 дугаар сарын 17
“Шуудангийн салбарын зохицуулалт-2021” зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хуулийн хүрээнд зохион байгуулан, ДШХ-ноос тодорхойлж байгаа шуудангийн хөгжлийн дөрвөн тулгуур болох найдвартай, далайцтай, уялдаа холбоотой, уян хатан хөгжлийг чиг баримжаа болгон төрийн захиргааны байгууллага, зохицуулах байгууллага, үйлчлэгчдэд хандан дараах зөвлөмжийг гарган, хэрэгжүүлэхийг уриалж байна.
Нэг. Шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (ХХМТГ):
- Цахим худалдаа, логистикийн чиглэлийн хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах;
- Хаягжилтын нэгдсэн системд суурилсан шуудангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Олон нийтэд шуудангийн үйлчилгээг сурталчлах;
- Технологийн дэвшилд суурилсан шуудангийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх;
- Шуудангийн сүлжээ болон үйлчилгээнд өрсөлдөөн оруулах.
Хоёр. Зохицуулах байгууллага (ХХЗХ):
- Шуудангийн тухай хууль болон дүрэм, журам, стандартуудыг мөрдүүлж хэвшүүлэх, хэрэгжилтийг үнэлж, дүгнэх аргачлал, зөвлөмжөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг дэмжин ажиллах;
- Шуудангийн салбарт шуудангийн болон харилцаа холбооны салбарын инженер, мэргэшсэн технологийн ажилтнуудаар хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх;
- Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг шуудангийн илгээмжээр дамжуулан нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх сургалт болон хамтарсан шалгалтыг үе шаттай зохион байгуулах, эрх бүхий төрийн байгууллагатай хамтрах;
- Хаягийн стандарт, шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох ажлыг үргэлжлүүлэх.
Гурав.Төрийн захиргааны байгууллага (ХХМТГ, ХХЗХ, МХЕГ, ГЕГ-ын УХШИГГ, ГЕГ, АТҮТ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар):
1. Хууль, дүрэм, журам, стандарт хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
- Шуудангийн тухай хуульд нийцүүлэн дүрэм, журам, стандартуудыг боловсруулан гаргаж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;
- Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдээс гаргаж байгаа санал санаачлагыг хүлээн авч төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
- Шуудангийн үйл ажиллагаанд тавигдах хяналт шалгалтыг хуулийн дагуу явуулах;
- Шуудангийн авто тээврийн хэрэгслийг авто зогсоолд саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээгээр зорчих асуудлыг шийдвэрлэх;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, сургалт, мэдээлэл, зөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үе шаттай өгөх.
2. Газрын шуудан шуудан тээвэрлэлтийн хүрээнд:
- Газрын шуудан тээвэрлэлт, шуудангийн логистик үйлчилгээг хөгжүүлэх талаар шуудангаар үйлчлэгчдээс гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллах;
- Тээврийн байгууллагатай хамтран ажиллан шуудангийн солилцооны нэгдсэн төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх;
- Шуудангийн тасралтгүй ажиллагааг хангахад хяналт шалгалтын цагийн хуваарьт уян хатан хандах.
Дөрөв. Шуудангаар үйлчлэгчид (Тусгай зөвшөөрөл эзэмшигчид):
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг дээдлэн шуудангийн илгээмжид агуулагдах зүйлсийг Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйлчлүүлэгчээс хүлээн авч дамжуулах;
- Шуудангийн салбарт мөрдөгдөх хууль эрх зүйн хэрэгжилтийг хангаж ажиллах;
- Шуудангийн үйлчилгээний чанар, хүргэлтийн хугацаа, найдвартай байдлыг ханган ажиллах;
- Шуудангийн хаягийн бичвэр, шуудангийн нэгдсэн кодыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн, үйлчлүүлэгчдэд хаягийн бичвэрийн заавар зөвлөгөө өдөр тутам өгч байх;
- Шуудангийн салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, мэргэжлийн хүний нөөц бүрдүүлэхэд анхаарах;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис шуудангийн илгээмжээр нэвтрүүлэхээс сэргийлж, илгээмжийг байнга нягтлан шалгаж авах;
- Монгол Улсад онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд харилцаа холбооны сүлжээг хууль тогтоомжийн дагуу саадгүй хэрэглүүлнэ;
- Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна;
- Гамшиг болон аюулын дохио, сэрэмжлүүлгийг өмчийн хэлбэр үл харгалзан шуурхай, үнэ төлбөргүй дамжуулна.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор, хагас жилийн тайланг тухайн оны 08 дугаар сарын 1-ний дотор тухайн хугацааны санхүүгийн тайлангийн хуулбарын хамт ХХЗХ-нд хороонд ирүүлэх;
- Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуул байгаа иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг ХХЗХ-нд өгч хамтран ажиллах;
- Үйлчлүүлэгчдэд хохирол учруулахгүй байх үүднээс шуудангийн илгээмжийн үйлчилгээний талаар байнга зааварчилга, зөвлөгөө өгч ажиллах.
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР