Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл
2021-11-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 10 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2021 оны ээлжит 10 дугаар хуралдааны  мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 10 дугаар хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав.  

 

Тус хорооны хуралдаанаар "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм"-ийн төслийн тухай; “УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан ажлын хэсгийн тайлан”-гийн танилцуулга; “Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ын төслийн тухай; "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам"-ын эцсийн найруулгын танилцуулга; “ХХЗХ-ны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний гүйцэтгэл (2021 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар); Тусгай зөвшөөрлийн тухай (Тусгай зөвшөөрөл олгох тухай, нэр шилжүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай) зэрэг 9 асуудлыг хэлэлцэн хорооны хуралдааны 6 тогтоолыг баталж, 1 хуралдааны тэмдэглэлээр холбогдох газар, хэлтэст хугацаатай үүрэг, удирдамж чиглэл өгөхөөр тогтов.  

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 6 дугаар хуралдаан /2021-09-30/-аар "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм"-ийн төслийг хэлэлцээд, дүрмийн хэрэгжүүлэх бүтцийн механизм бүрдүүлэх шийдэл, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллага, яамдууд, ТББ-тай хамтран ажиллах зэрэг асуудлыг тусган эцэслэн боловсруулж 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хорооны хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг ӨНЗГ-т үүрэг болгосон юм. Иймээс тус хуралдаанд дээрх удаа дараа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн үр дүн, "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм"-ийн эцсийн хувилбарын төсөл, холбогдох танилцуулга, шийдвэрийн төсөл, хэлэлцүүлгийн үр дүн, албан ба цахимаар ирүүлсэн саналын товчоо, тусгасан байдал, нөлөөллийн шинжилгээг хэлэлцүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.8.7 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм” батлах тухай” тогтоолыг хавсралтын хамт баталсан. ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр ХХЗХ-ны Даргын 2021 оны 01/1960 албан /2021-11-04/ тоотоор хүргүүлж, ХЗДХЯ-ны шийдвэрийн улсын бүртгэлийн 5558 дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр бүртгүүлэн баталгаажуулав. 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22,  Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн  18, 28 дугаар тойрогт явагдсан Улсын Их Хурлын гишүүний 2021 оны нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр  2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх нийт 24 хоногийн хугацаанд Улаанбаатар хот, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа  радио, телевизүүдийн хөтөлбөрт байнгын хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллалаа. УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн тус хорооны байнгын хяналт мониторинг-д Монголын үндэсний олон нийтийн телевиз, Улаанбаатар хотод  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 76 телевиз, Монгол Улсад хамрах хүрээтэй, орон нутгийн 3 телевиз, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 1 телевиз хамрагдсан бөгөөд эдгээр телевизүүдийн хөтөлбөрийг хөндлөнгөөс бичиж, сурталчилгаа нэвтрүүлсэн, сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй эсэхээс үл хамааран хяналт тавьж ажилласан болно. Ажлын хэсгээс “УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн радио, телевиз болон цахим орчины сурталчилгаанд хяналт тавьж ажилласан ажлын хэсгийн тайлан”-гийн танилцуулгыг тус хорооны 2021 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцээд цаашид анхаарах, холбогдох эрх бүхий байгууллагатай үйл ажиллагааг уялдуулах, сайжруулах талаар анхаарах, тайланг нэгтгэн СЕХ-д албан тоотоор хүргүүлэхээр тогтов. Тайланд заансаар, УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх эрх бүхий Хэнтий аймгийн 3 телевиз, Монгол Улсад хамрах хүрээ бүхий Орхон, Дархан Уул, Сүхбаатар аймгийн нийт 4  телевизээс Хэнтийн аймгийн 1 телевиз сурталчилгаа нэвтрүүлэхээр эрх авсан бол Хэнтий аймгийн 2 телевиз сурталчилгаа нэвтрүүлэхгүй буюу техникийн шалтгаанаар эфирээ түр зогсоосон гэдгээ мэдэгдсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд зөвхөн Хэнтий аймгийн Өндөрхаан телевиз сурталчилгаа нэвтрүүлсэн байна. Нэр дэвшигчдийн талаарх мэдээг Монгол улсад  хамрах хүрээтэй орон нутгийн 2 телевиз нэвтрүүлсэн ба гарсан мэдээний нийт хугацаа 2 цаг 47 минут болсон байна. ХХЗХ-ны ажлын хэсгээс УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд  цахим орчны байнгын хяналт, мониториг хийж, ШӨХТГ, ЦЕГ зэрэг эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн нийт 8  санал, дүгнэлтийг холбогдох хууль, тогтоомж хүрээнд тухай бүр арга хэмжээг шуурхай авч шийдвэрлэн ажилласан болно.

ХХЗХ-ноос Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Үндэсний радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалтыг хэрэгжүүлэх болон Иргэний нисэхийн дүрэм, үндэсний стандартын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт Иргэний нисэхийн радио холбоо, агаарын навигаци, ажиглалтын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасыг төлөвлөх, хуваарилах, ашиглах болон радио станцуудын техникийн стандарт, ашиглалтын нөхцөл шаардлагатай холбогдох харилцааг тодорхойлох шаардлага гарсан болно. Энэхүү баримт бичгийг боловсруулах, шийдвэрлэх зорилгоор ажлын хэсгийг Хорооны даргын 2021 оны  А/21 тушаалаар байгуулан ажилласан байна. Зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанд ажлын хэсгээс боловсруулсан “Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” баримт бичгийн төсөл, танилцуулга, цахим хэлэлцүүлэг болон албан тоот, цахимаар ирүүлсэн санал, үр дүн, шийдвэрийн төсөл холбогдох материалыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дах  заалтуудыг тус тус үндэслэн “Иргэний нисэхийн агаарын холбооны үйлчилгээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” батлах тухай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаар  тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэв. ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр ХХЗХ-ны Даргын 2021 оны 01/1959 албан /2021-11-04/ тоотоор хүргүүлж, ХЗДХЯ-ны шийдвэрийн улсын бүртгэлийн 5557 дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр бүртгүүлэв. 

Тус хуралдаанаар хорооны 2021 оны 17 дугаар хуралдааны Тэмдэглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “ХХЗХ-ны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний гүйцэтгэл (2021 оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар)-ийн танилцуулгыг хэлэлцээд, төлөвлөгөөг хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, ирэх оны байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтийн арга, чанар болон бүтцийн нэгж, газар хоорондын уялдаа холбоог сайжруулах, санхүүгийн чадварыг дээшлүүлэх талаар анхаарч ажиллахыг холбогдох газар, хэлтэст даалгав.    

ХХЗХ-ны 2021 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх тухай”; “Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах тухай”; “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 4 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 4 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдэд 5 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6, 5.7 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 65 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг бүхий хуулийн этгээдэд шилжүүлсэн;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 67 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй тус тус болгож шийдвэрлэсэн болно.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-10-29