Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
2021-11-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав.  

 

Тус хорооны хуралдаанаар “Цахим орчны зохицуулалтын зөвлөмж”-ийн төслийн тухай; Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн дотоод шуудангийн үйлчилгээний тарифыг шинэчлэн тогтоох тухай (Хорооны 2021 оны 7 дугаар хуралдааны тэмдэглэл); Тусгай зөвшөөрлийн тухай (Тусгай зөвшөөрөл олгох тухай, нэмэлт өөрчлөлт оруулах тухай) зэрэг 4 асуудлыг хэлэлцэн хорооны хуралдааны 3 тогтоолыг баталж, 2 хуралдааны тэмдэглэлээр холбогдох газар, хэлтэст хугацаатай үүрэг, удирдамж чиглэл өгөхөөр тогтсон болно.  

 

Олон улсад цахим орчны зохицуулалт, хяналтын чиглэлээр зарим арга хэмжээ авч байгаа боловч, нэгдсэн нэг стандарт загвар хараахан тогтоогүй, цахим орчинд хууль журмын хэрэгжилтийг хангуулах нь зүйтэй гэсэн бодлого давамгайлж улс орон бүр өөрийн хууль эрхзүй, бодлого, зохицуулалтын хүрээнд ажиллаж байна. Олон нийтийн эрх ашиг, хүүхдэд сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдлын эсрэг агуулгатай онлайн контентыг хүний үг хэлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөг хөндөлгүйгээр зохицуулдаг тогтолцоо бий болж байна. Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдаанд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль эрх зүй, бодлого зохицуулалтын хүрээнд зохицуулах байгууллага болон эрх бүхий байгууллагатай хамтран цахим орчинд хүний эрх, олон нийтийн эрх ашиг, хүүхэд хамгаалал зэрэг чиглэлээр зохицуулалтын арга хэмжээ, хяналтыг зохион байгуулах зорилгоор тус хорооны хариуцсан газар, хэлтсээс нэгтгэн боловсруулсан “Цахим орчны зохицуулалтын зөвлөмж”-ийн төсөл, танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг тус тус авч хэлэлцэв.  Хуралдаанаас энэхүү цахим орчны зохицуулалтын зөвлөмжийн төслийг зарчмын хувьд дэмжиж, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Цахим орчны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр хуралдааны Тэмдэглэлийг баталж, энэхүү тэмдэглэлээр зөвлөмжийг цахим орчны зохицуулалт, хяналтын үйл ажиллагаанд ашиглах, холбогдох эрх бүхий байгууллага, хуулийн этгээд, ТББ-тай хамтран хэрэгжүүлэх, зөвлөмжид заасан цахим орчны зохицуулалт ба хяналтын үйл ажиллагааны процессыг хэрэглэгч, олон нийтэд сурталчилах арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-д тус тус үүрэг болгов.  

 

ХХЗХ-ны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 2 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 2 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 49 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдэд 8 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 50 тоот тогтоолоор 1 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан болно.

 

Тус хуралдаанаар “Тусгай зөвшөөрлийн тухай” асуудлын хүрээнд холбогдох газар, хэлтсээс Ай Эн Мобайл нэтворк ХХК-ийн ирүүлсэн тусгай зөвшөөрлийн хүсэлт, нэмэлт материалын талаар боловсруулсан хууль эрх зүйн үндэслэл, техник технологи, радио давтамж, харилцан холболтын зохицуулалт, өрсөлдөөн зах зээлийн судалгааны танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Хорооны хуралдаанаас өгсөн удирдамж, чиглэлийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 18 дугаар хуралдааны Тэмдэглэлийг гарган холбогдох удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хариуцсан бүтцийн нэгжийн  удирдлагад тус тус өгч, Хорооны дараагийн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтов.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 3 дугаар хуралдаанаар  Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч компаний дотоод шуудангийн тарифыг шинэчлэн тогтоох тухай танилцуулга, тогтоолын төслийг хэлэлцэн, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч компаний дотоод шуудангийн үнэ тарифын талаар авах арга хэмжээний тухай” 7 дугаар хуралдааны тэмдэглэлээр үнэ тарифыг шинэчлэн тогтоосноор Монгол шуудан ХК-иас гадна эрх ашиг нь хөндөгдөж байгаа төрийн байгууллага, хуулийн этгээд, ААН-ийн шуудангийн холбогдолтой үйл ажиллагааны тариф зардал нэмэгдэх, хэрэглэгч нарт нөлөөлөх байдал, хэрэгжүүлэх бэлтгэл арга хэмжээг зохион байгуулах, 2022 оны 1 дүгээр  сараас мөрдөх зэрэг санал, зөвлөмжийг баримтлан дахин боловсруулж, төсөв төлөвлөгөө батлагдахаас өмнө буюу 2021 оны 3 дугаар улиралд багтаан хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох газар, хэлтэст тус тус даалгасан юм. Энэхүү хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Хорооны 2021 оны ээлжит 8 дугаар хуралдаанд “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч компаний дотоод шуудангийн тариф”-ыг шинэчлэн тогтоох тухай танилцуулга, судалгаа тооцоо, саналын товчоо, тогтоолын төслийг тус тус хуралдаанаар авч хэлэлцсэн болно. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах заалт, Шуудангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 51 тоот “Үнэ тариф тогтоох тухай” тогтоолыг, тогтоолын хавсралтаар шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээний зах зээл, Улс хоорондын шуудангийн үйлчилгээний зах зээл /Энгийн/, Улс хоорондын шуудангийн үйлчилгээний зах зээл /Буухиа/, Хот хоорондын шуудангийн үйлчилгээний зах зээлүүдэд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон Монгол шуудан ХК-ийн нэр бүхий үйлчилгээнүүдийн үнэ тарифын дээд, доод хязгаарыг тус тус тогтоож батлав. Тогтоолд, эдгээр батлагдсан үнэ тарифын хязгаарт үйлчилгээний тарифыг тогтоон, үйлчилж эхлэхээс өмнө хэрэглэгчдэд сурталчлах, бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллах; шинэчлэн батлагдсан үнэ тарифуудыг мөрдөж эхэлсэн өдрөөс Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 55 дугаар тогтоолын 3, 4, 5, 6 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв. Энэхүү тогтоолыг хавсралтын хамт албажуулан Монгол шуудан ХК-д хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.  

 

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-09-03