“ЗОХИЦУУЛАЛТ 2021” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ
ОРОЛЦОХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭЭС АВАХ АСУУМЖ
Уг асуумжийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулах илтгэл, танилцуулгыг бэлтгэх, хэлэлцүүлэгт оролцогчдын тэгш оролцоог хангах, хэлэлцүүлгийг чиглүүлэх зорилгоор авч байгаа тул та бүхэн идэвхитэй оролцож, бидэнтэй санал, бодлоо хуваалцана уу.
- Зохицуулалтын чиг хандлага:
- ХХЗХ-ноос авч хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээ зах зээл дэх хэрэгцээ шаардлагад нийцсэн, оновчтой байж чадаж байна уу? Үгүй гэж бодож байвал яагаад? Сайжруулах талаарх таны санал?
- Тус хорооны үйл ажиллагаанд ашиглаж буй зохицуулалтын механизм, арга хэрэгсэл хэр оновчтой гэж үзэж байна вэ? Яагаад?
- Зохицуулалтыг хэрэгжүүлэхэд үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн холбоодыг татан оролцуулах шаардлагатай гэж үзэж байна уу? Учир нь “light-touch regulation” хэрэгжүүлэх арга замыг хэрхэн үзэж байна вэ?
- Өнөөгийн үйл ажиллагаанд нь бусад салбарын бодлого, зохицуулалттай холбоотой үүсдэг хүндрэл байгаа эсэх, үүнд хорооны зүгээс зохицуулалтын ямар оролцоо/арга, механизмаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ? Тухайлбал: Дэд бүтэц байгуулахад үүсдэг газрын зөвшөөрөл, нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоо, барилгын салбартай холбоотой асуудал г.м
- Тусгай зөвшөөрлийн зохицуулалт, зарим төрлийн үйлчилгээг зохицуулах хэрэгцээ:
- Тусгай зөвшөөрөл нь зохицуулалтын голлох арга хэрэгсэл. Таны хувьд одоо мөрдөж буй тусгай зөвшөөрлийн ангилал хэр оновчтой байна гэж үзэж байна вэ? Өөрчлөх шаардлагатай гэж байгаа бол яагаад? Таньд өөрчлөх талаар тухайлсан санал байна уу?
- Мэдээлэл холбооны сүлжээ (үүрэн, суурин, интернет) ашиглан зөвшөөрөлгүйгээр буюу тодорхой зохицуулалтгүйгээр явж байгаа үйлчилгээг зохицуулах шаардлагатай гэж үзэж байна уу? Яагаад?
Тухайлбал:
- Интернет протоколд суурилсан ярианы (VoIP, mVoIP, OTT-Voice) үйлчилгээнүүд нь уламжлалт үүрэн холбооны ярианы үйлчилгээний зах зээлд нөлөө үзүүлж байгаа юу? Яриа болон мессежний зах зээлд өрсөлдөгч гэж үзэж байна уу? Боломжтой бол холбогдох тоон мэдээллийг ирүүлнэ үү.
- Харилцаа холбооны уламжлалт үйлчилгээнд нөлөө үзүүлж буй (яриа, мессеж болон бусад харилцаа холбооны үйлчилгээтэй ижил төрлийн үйлчилгээ) эсвэл уламжлалт цахилгаан холбооны сүлжээтэй харилцан холболт хийж буй OTT үйлчилгээ эрхлэгчдийг зохицуулалтад хамруулах шаардлагатай гэж үзэж байна уу?
- Хэрэглэгчийн сүлжээний зохицуулалт:
- Мэдээлэл холбооны үндсэн сүлжээ (улс хооронд, хот хооронд), хот суурин газрын сүлжээний чиглэлээр хэрэгжүүлж буй зохицуулалтын талаарх таны санал, бодол? Тулгамдаж буй асуудлыг оновчтой зохицуулж чадаж байгаа эсэх талаар саналаа хуваалцана уу? Таны хувьд асуудал байна гэж үзэж байвал хэрхэн сайжруулвал зүйтэй вэ?
- Дэд бүтцийн төлөвлөлттэй холбоотой тулгарч буй ямар асуудлууд байна вэ? Таны хувьд үүнийг хэрхэн зохицуулах нь оновчтой гэж үзэж байна вэ?
- Техникийн нөхцөл олголттой холбоотой хүндрэл бэрхшээл байна уу? Байгаа бол яг ямар асуудлууд байна вэ? Уг асуудлыг шийдвэрлэх талаарх таны санал?
- Сүлжээний нээлттэй байдал (open access), дата хязгаарлалт (data gap), сүлжээний ачааллын менежмент (traffic management), сүлжээ болон интернэтийн ачааллын өсөлт зэргийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, зохицуулалт хийх шаардлагатай эсэх талаарх таны санал? Боломжтой бол тоо баримтыг ирүүлнэ үү.
- Интернетийн сүлжээнд ачаалал үүсгэгчид буюу OTT үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгчийн хэрэгцээг зохистой хангах, сүлжээг үр ашигтай байлгах талаар баримталж буй бодлого, нээлттэй, ялгаваргүй байх (net neutrality) асуудлын талаар байр сууриа илэрхийлнэ үү? Хэрэв боломжтой бол OTT үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд үүсгэж буй ачааллын талаарх судалгаа, мэдээллийг ирүүлнэ үү.
Асуумжид идэвхтэй оролцож, санал, хүсэлтээ ирүүлсэн та бүхэнд талархлаа.
Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг урьж байна.