Олон улсын захидал бичлэгийн 2022 оны уралдаан зарлагдлаа
Дэлхийн шуудан холбооноос /ДШХ/ жил бүр зохион байгууллагддаг олон улсын захидал бичлэгийн уралдаан 2022 онд “Дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг залуу үеийн дуу хоолой” cэдвийн хүрээнд зохиогдох гэж байна.
Энэхүү уралдаан нь 1971 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс өсвөр насны хүүхдүүд оролцдог. Уралдааны гол зорилго нь бичиг үсэг, боловсролыг дээшлүүлэх, тэдэнд шуудангийн үйл ажиллагааг сурталчилах юм.
Дэлхийн шуудан холбооноос 2022 оны захидал бичлэгийн уралдааны үндсэн агуулгыг “Нэр нөлөө бүхий эрхэм, манлайлагч нэгэнд хандан Дэлхийн уур амьсгалын хямралын эсрэг яагаад, ямар арга хэмжээ авах хэрэгтэйг тайлбарласан” байдлаар бичэхийг зөвлөжээ.
ДШХ захидал бичлэгийн уралдаанаараа дамжуулан дэлхийн уур амьсгалын эсрэг залуу үеийн дуу хоолой, үзэл бодлыг ил гаргаж, тэдэнд дэлхийн болон өөрсдийн орны удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг уриалах боломжийг олгож байна.
Уралдааны ялагчийг жил бүрийн 10 дугаар сарын 09-ний өдөр буюу Дэлхийн шуудангийн өдрөөр шалгаруулдаг бөгөөд 2022 оны Дэлхийн шуудангийн өдрийг “Эх Дэлхийн Шуудан” уриатайгаар тэмдэглэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд шуудангийн салбарын гүйцэтгэх үүргийг онцлон харуулахаар зорьжээ.