Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
2021-07-09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2021 оны ээлжит 6 дугаар хуралдааны  мэдээлэл

   

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2021 оны ээлжит 6 дугаар хуралдааны

мэдээлэл

 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулагдсан болно.  

 

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд хяналт, мониторинг хийсэн ажлын тайлан”-гийн танилцуулга (Телевиз, радиогийн болон цахим орчны сонгуулийн сурталчилгаа); “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх журам”-ын төслийн танилцуулга (Зөвлөх үйлчилгээний төсөл); Тогтоолууд хүчингүй болгох тухай (Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нэр бүхий баримт бичгүүд); Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зарим аж ахуйн эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай; “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалтын журам”-ын төслийн танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай (Тусгай зөвшөөрөл олгох тухай, өөрчлөлт оруулах тухай, тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай); Бусад асуудал (Танилцуулга: Мобиком корпораци ХХК-иас албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн тухай; МОСДХ-ны албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн тухай) зэрэг 10 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж, 1 хуралдааны тэмдэглэлээр холбогдох газар, хэлтэст үүрэг, чиглэл өгөхөөр тогтов.  

 

Тус хуралдаанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн телевиз, радиогийн болон цахим орчны сурталчилгаанд хяналт, мониторинг хийсэн ажлын тайлан”-гийн танилцуулга, санал зөвлөмж, цаашид анхаарах асуудлуудын талаар радио телевизийн сонгуулийн сурталчилгаанд хяналт мониторинг гүйцэтгэсэн ажлын хэсгийн ахлагч, ӨНЗГ-ын дарга А.Лувсан-Очир, цахим орчин дах хяналт, мониторингийн ажлын хэсгийн ахлагч, ЗБХГ-ын хэлтсийн дарга Т.Батболд нар танилцуулав. Энэхүү ажлын хэсгийн дэлгэрэнгүй тайлан, холбогдох танилцуулгыг хэлэлцээд, ажлын хэсгээс гүйцэтгэсэн сонгуулийн сурталчилгааны радио, телевиз болон цахим орчны хяналт, мониторингийн үйл ажиллагааг хариуцлагатай, сайн гүйцэтгэсэн байна гэж дүгнэв. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дах хэсэг, 41 дүгээр зүйл, 43 дугаар зүйлийн 43.11 дэх  хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 09-ны өдрийг дуусталх нийт 19 хоногийн хугацаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизийн хөтөлбөрт хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан. Цахим орчин дах сонгуулийн сурталчилгаанд хяналт мониторинг хийх ажлыг хэсгээс “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудасыг бүртгэхэд техникийн бэлэн байдал хангаж, зөвөлгөө, заавар өгч ажилласан ба мөн хуулийн 42.1.3, 42.5-т заасан сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасыг бүртгэж, хяналт тавьж ажилласан болно. Цаашид сонгуулийн сурталчилгааны хяналт, мониторинг хийх үйл ажиллагааг дотоод, гадаад талын холбогдох эрх бүхий байгууллагууд, Фэйсбүүк компанитай хамтрах процесс үйл ажиллагааг боловсронгуй болгох, энэ чиглэлээр ХЗДХЯ-наас байгуулан ажиллаж байгаа ажлын хэсэгт Хорооны санал зөвлөмж хүргүүлэх, хамтран ажиллахыг ажлын хэсэгт зөвлөмж болгон даалгав. Түүнчлэн хуралдааны үеэр хорооны дарга, гишүүдээс өгсөн санал зөвлөмжийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн телевиз, радиогийн болон цахим орчны сурталчилгаанд хяналт, мониторинг хийсэн ажлын тайлан”-нд тусган холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороонд албан тоотоор хүргүүлэхээр тогтов.

 

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд боловсруулж байгаа “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх журам”-ын танилцуулга (Зөвлөх үйлчилгээний төсөл), журмын төсөл, ахиц дэвшлийн матриц зэрэг материалыг хэлэлцээд, хуралдааны үеэр дарга, гишүүдээс өгсөн санал, зөвлөмжийг тусгах, зөвлөх үйлчилгээний ажлын төлөвлөгөөний дагуу олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх, холбогдох төрийн байгууллага, салбарын бодлого боловсруулагч, оролцогч бүх талуудын саналыг авах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, журмын төслийг боловсруулан 2021 оны 3 дугаар улиралд багтаан Хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх зүйтэй гэж үзэв. Энэхүү журмын үндсэн зорилго нь өргөн нэвтрүүлгийг хараат бус, нээлттэй, ёс зүйтэй байлгах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх боломжийг бүрдүүлнэ гэж зөвлөхийн баг үзсэн байна.

 

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр холбогдох нөхцөл, шаардлага, журам зэрэг 10 гаруй зохицуулалтын баримт бичгийг Хорооны хуралдаанаар тухай бүр батлан  шийдвэрлэж,  ХЗДХЯ-нд хянуулан бүртгүүлээд байна. Эдгээр баримт бичгүүд батлагдаж, мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан ХХЗХ-ны тогтоолоор баталсан зарим өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагыг хүчингүй болгох шаардлага үүссэн болно. Энэхүү хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хуульд заасан журам, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагууд шинээр батлагдсан, хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан зарим тогтоолыг хүчингүй болгох тухай танилцуулга, үндэслэл судалгаа, тогтоолын төслийг авч хэлэлцээд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 42 тоот “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Уг тогтоолоор 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналог системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”; 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”; 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ыг тус тус хүчингүй болгов.  

 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 (9.1.6. харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих)-д заасны дагуу харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй болно. Тус хорооны Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газар, ажлын хэсгээс хамтран харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалтын журмын төслийг Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд, Монгол Улсын Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомж, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулжээ. Журмын төсөлд зах зээлийг тодорхойлох, зохицуулалтад баримтлах зарчмыг тодорхойлох, чиглүүлэх, үнэлэх, санал хүсэлт хүлээн авах, дүгнэлт гаргах, хэрэгжилтийг хангуулахтай холбоотой харилцааг зохицуулна гэж ажлын хэсгээс үзэж байна.  Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдаанд ЗЗҮТСГ, ажлын хэсгээс журмын төсөл, танилцуулга, олон улсын чиг хандлага, туршлага болон дотоодын нөхцөл байдлын судалгаа, зөвлөх үйлчилгээний зөвлөмжийг тус тус хэлэлцүүлэв. Тус хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад хорооны гишүүдээс журмын төслийн агуулга, зорилгыг тодорхой болгох, багцлах, логик дарааллыг нягтлах, зохицуулалтын үндсэн зарчим, арга зарчмууд, олон улсын өрсөлдөөний байдал практик туршлага, жишээн дээр танилцуулга хийх зэрэг чиглэлээр гарсан удирдамж, чиглэлийг тусган дахин боловсруулж, 2021 оны 9 дүгээр сард хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг ажлын хэсэг, холбогдох бүтцийн нэгжийн дарга нарт даалгав.

 

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 6 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 3 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 3 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар 19 хуулийн этгээдэд 9 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралтаар 2 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 45 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдийн 6 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

 

Бусад асуудлын хүрээнд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, гишүүдэд Мобиком корпораци ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн тухай асуудлаар Хуулийн хэлтсээс тайлбар мэдээлэл; Хорооны гишүүдэд ирүүлсэн МОСДХ-ноос 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн тухай тайлбар, мэдээллийг ӨНЗГ-аас тус тус хуралдаанд танилцуулав. Зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар хуралдаанаас эдгээр асуудлаар холбогдох бүтцийн газар, хэлтсээс албан тоотоор Мобиком корпораци ХХК,  МОСДХ-нд тус тус хариу хүргүүлэх нь зүйтэй гэж тогтов. 

 

Тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэх үед нэр бүхий гишүүдээс гаргасан хүсэлтийн дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн цахим Монгол порталиар дамжуулан цахимаар харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл авах хүсэлт хүлээн авах, шалгах, баталгаажуулах, үнэлгээ хийх процесс, хуралдаанд хэлэлцүүлэх хүртэлх үйл ажиллагааны талаар жишээн дээр бэлтгэн дараагийн хорооны хуралдаанд танилцуулахыг ЗУХАГ-т үүрэг болгосон.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо