Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 5 дугаар хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулав.
Энэхүү хуралдаанаар Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай (Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгаар зүйлийн 41.4 заалт); “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам” батлах тухай (Хорооны 2020 оны 26 тоот тогтоол: ХЗДХЯ-ны санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх); “Харилцаа холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам” батлах тухай (Хорооны 2020 оны 82 тоот тогтоол: ХЗДХЯ-ны санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх); Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэв.
Тус хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасны дагуу олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө батлах чиг үүрэгтэй юм. ХХЗХ-ноос Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2/274 тоот албан бичгээр журамд заасан хугацаанд ирүүлснийг хүлээн авч, хууль, журамд нийцүүлэн хянах ажлыг гүйцэтгэлээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.3, 41.11, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын 2.12 дахь хэсэгт заасныг баримталсан болно. Цагийг нам, эвслийн нэр дэвшигчид хуваарилахдаа сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн сүүлийн хуваарьт цагийг оргил цаг гэж тооцон Улсын дээд шүүхэд эхэлж бүртгүүлсэн нэг дэх намын нэр дэвшигчид олгож, түүний өмнөх цагийг дараагийн бүртгүүлсэн буюу хоёр болон гурав дахь намын нэр дэвшигчид олгох зарчмыг баримталсан. Харин түүний өмнөх өдрийн оргил цагийг олгохдоо хоёр дахь намын нэр дэвшигчид, түүний өмнөх өдрийн оргил цагийг гурав дахь намын нэр дэвшигчид олгох зэргээр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрөөс урагш дараалуулан цагийг хуваарилсан болно. Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 5 дугаар хуралдаанд өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, ажлын хэсгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журамд нийцсэн гэж үзсэн тул холбогдох танилцуулга, хорооны хуралдааны тогтоолын төсөл, хавсралтад заасан цаг ба хуваарийн төслийг тус тус хэлэлцүүлсэн. Хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсгийг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” тогтоолыг, тогтоолын хавсралтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталсан болно. Энэхүү тогтоолоор сонгуульд оролцож буй нам, эвсэлд олгосон сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийг Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэхдээ батлагдсан хуваарь, цагийг мөрдөж ажиллахыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал /А.Бүрэнбаатар/-д, Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нь батлагдсан хуваарь, цагийн дагуу нэвтэрч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т тус тус даалгасан. Тогтоолыг хавсралтын хамт СЕХ, МҮОНРТ зэрэг холбогдох байгууллага, нам эвсэлд албан тоотоор хүргүүлж, цахим хуудаст байршуулан олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх арга хэмжээг авч ажиллаж байна.
УИХ-аас 2019 онд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуульд нийцүүлэн Зохицуулах хорооны 2020 оны 26 тоот тогтоолоор баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч ХЗДХЯ-ны 2021 оны 4 дүгээр сард санал, дүгнэлтийг ирүүлж, холбогдох өөрчлөлтийг оруулж, шинэчлэн батлахыг зөвлөмж болгосон билээ. Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хууль (ӨНТХ) шинээр батлагдаж 2020 оны 7 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор нэр томъёоны өөрчлөлт, зааглах цэгтэй холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай бий болсон. Тус хорооны ЗЗҮТҮСГ-аас ХЗДХЯ-наас ирүүлсэн санал дүгнэлтийг хэрэгжүүлэх, ӨНТХ-д нийцүүлэн боловсруулсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын төсөл, танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан 2021 оны ээлжит 5 дугаар хуралдаанд хэлэлцүүлэв. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах заалтыг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 33 тоот “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам батлах тухай” тогтоолыг батлахаар шийдвэрлэсэн. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус Хорооны 2020 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Тогтоолын хавсралтаар баталсан энэхүү журмаар цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээ хооронд харилцан холболт, цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээнд холбогдох, интернетийн бөөний үйлчлэгчийн сүлжээнд холбогдох, интернетийн дотоод харилцан холболтын төв-д холбогдох, телевизийн олон сувгийн дамжуулах үйлчлэгчийн сүлжээнд холбогдох, радио телевизийн газрын дахин дамжуулах сүлжээгээр үйлчлэгчийн сүлжээнд холбогдох нийт 7 төрлийн холболт, мөн зааглах цэгийг тогтоох, орлого хуваах асуудлыг зохицуулна. Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг (RIO) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлд дараах мэдээллийг заавал тусгасан байх мөн харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг хангасан харилцаа холбооны үйлчилгээгээр үйлчлэгчид өөрийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлж ажиллана. Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг (RAO) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж өөрийн веб хуудсанд байршуулах, гэрээнд заавал тусгах мэдээллийг заасан болно. Энэхүү баталсан тогтоол, хавсралт баримт бичгийг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлэв.
Тус хорооны 2021 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар 2020 оны 82 тоот тогтоолын талаар ХЗДХЯ-наас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/683 албан тоотоор ирүүлсэн санал, дүгнэлтийн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг хэлэлцсэн ба хуралдааны үеэр дарга, гишүүдээс уг асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдамж, чиглэлийг өгч, хэрхэн шийдвэрлэсэн талаар Хорооны хуралдаанд танилцуулахыг холбогдох газар, нэгжийн удирдлагад үүрэг болгосон билээ. ХХЗХ-ны 2021 оны ээлжит 5 дугаар хуралдаанд ХЗДХЯ-ны ирүүлсэн санал дүгнэлтэд журмыг нийцүүлэх, дээрх хуралдаанаас өгсөн удирдамж, үүрэг даалгаврын дагуу ажлын хэсгээс холбогдох өөрчлөлтийг оруулж, шинэчлэн боловсруулсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын төсөл, танилцуулга, тогтоолын төсөл зэрэг баримт бичгийг оруулж хэлэлцүүлсэн болно. Хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ““Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмыг шинэчлэн батлах тухай” 34 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоол, 2015 оны 40 дүгээр тогтоол, 2016 оны 26 дугаар тогтоол болон 2020 оны 82 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов. Уг баталсан тогтоол, хавсралт журмын баримт бичгийг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлсэн болно.
Хорооны 2021 оны ээлжит 05 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 3 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 3 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 35 тоот тогтоолын хавсралтаар 7 хуулийн этгээдэд 7 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
- Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 36 тоот тогтоолоор 1 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 37 тоот тогтоолын хавсралтаар 7 хуулийн этгээдийн 8 тусгай зөвшөөрлийг сунгаад байна.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).
Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-05-19