Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл
2021-04-09
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулсан.  

Тус хуралдаанаар "Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийн жишиг гэрээний төсөл"-ийн танилцуулга; “Хөдөлгөөнт холбооны 5 дах үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт ба зохицуулалт”-ын баримт бичгийн төслийн танилцуулга; “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч компаний дотоод шуудангийн тариф”-ыг шинэчлэн тогтоох тухай; Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны жилийн эцсийн үндсэн статистик үзүүлэлтийн танилцуулга; ХХЗХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн танилцуулга; ХХЗХ-ны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн аудитын тайлан, зөвлөмжийн танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг 8 асуудлыг хэлэлцэн хорооны 3 тогтоолыг батлан шийдвэрлэж, хэлэлцсэн асуудлаар хуралдааны 5 тэмдэглэлийн хүрээнд удирдамж чиглэл, хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох газар, хэлтэст үүрэг болгохоор тогтов.

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанаар “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн жишиг гэрээний талаар авах зарим арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэлийг батлав. Тус тэмдэглэлд, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой хуульд заасан журам, нөхцөл шаардлагуудыг шинээр батлан гаргаж байгаатай холбогдуулан радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн загвар гэрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулан, шинэчлэн боловсруулсан Радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн жишиг гэрээний төсөл, таницуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг тус хуралдаанаар авч хэлэлцээд, хуралдааны үеэр гишүүдээс гэрээний төсөлд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг зохицуулалтын бусад баримт бичигтэй уялдуулах, хуулийн давхардал хийдэл, хуулиас давсан зүйл заалт байгаа эсэхийг нягтлаад жишиг гэрээний төслийг зарчмын хувьд дэмжихээр шийдвэрлэж, Хорооны даргын тушаалаар батлан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах нь зүйтэй гэж тогтов. Түүнчлэн энэхүү тэмдэглэлээр, дараах удирдамж чиглэлийг баримтлан ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/ Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /Ч.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгов. Үүнд: Радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний төслийг Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн жишиг гэрээ болгон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл тус бүрээр тусгай зөвшөөрлийн гэрээний төслийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хуульд заасан журам, нөхцөл шаардлагад нийцүүлэн холбогдох өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэх; Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд  одоо тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхэлж байгаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн гэрээг Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн жишиг гэрээний дагуу одоогийн гэрээнд заасан хугацааг нь хадгалах, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төрөлд нийцүүлэн шинэчлэн байгуулах ажлыг 2021 онд багтаан шат дараатайгаар зохион байгуулах, үр дүнг нэгтгэн 2022 оны 1 дүгээр улиралд багтаан Хорооны хуралдаанд танилцуулах зэрэг болно.

Ажлын хэсэг, Радио давтамж хяналт зохицуулалтын газраас боловсруулсан “Хөдөлгөөнт холбооны 5 дах үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт ба зохицуулалт”-ын талаар танилцуулга, судалгааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцсэн болно. Тус хуралдаанаас Хорооны хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлгөөнт холбооны 5 дах үеийн радио давтамжийн хуваарилалт, зохицуулалтын талаар цаашид авах арга хэмжээний тухай” 06 дугаар хуралдааны тэмдэглэлийг гаргав. Тэмдэглэлд зааснаар хуралдааны үеэр хорооны гишүүдээс өгсөн удирдамж чиглэл болон гаргасан санал зөвлөмжийг үндэслэн дараах чиглэлээр нарийвчилсан нэмэлт судалгааг хийх, холбогдох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, тайлан үр дүнг тухай бүр Хорооны хуралдаанд танилцуулан ажиллахыг ажлын хэсэг, Радио давтамж, хяналт зохицуулалтын газар /З.Амгалан/-т тус тус даалгав. Үүнд: Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 2G, 3G, 4G сүлжээнд ашиглагдаж буй радио давтамжийн зурвасын ашиглалт, технологийн шийдлийн өнөөгийн байдал, үүрэн холбооны ба хөдөлгөөнт дата өрхийн хэрэглээний байдал, шилжилтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулах; Хөдөлгөөнт холбооны 5G сүлжээнд шилжих, нэвтрэлтийн үеийн бодлого, зохицуулалтын талаар гадаад улс, орнуудын тэргүүн туршлага (АНУ-FCC, БНСУ, БНХАУ-ын Тайвань г.м), технологийн сонголтын хувилбар ба шилжилт, нэвтрэлтийн талаар харьцуулан судалж, танилцуулах; Монгол Улсад хөдөлгөөнт холбооны 5G технологи нэвтрүүлэх, тусгай зөвшөөрөл олгохоос өмнө шилжилт хийх туршилт, үе шатууд, давтамжийн хуваарилалт, зохицуулалт, төлбөрийн хэмжээ ба хөрөнгө оруулалт, өрсөлдөөний зохицуулалтын талаар санал, дүгнэлтийг боловсруулах зэрэг чиглэлээр холбогдох удирдамж, хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн болно.

Холбогдох ажлын албадаас хамтран боловсруулсан “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч компаний дотоод шуудангийн тариф”-ыг шинэчлэн тогтоох тухай танилцуулга, судалгаа тооцоо, тогтоолын төслийг тус тус хуралдаанаар авч хэлэлцээд, хэлэлцсэн асуудлаар Хорооны хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч компаний дотоод шуудангийн үнэ тарифын талаар авах арга хэмжээний тухай” 07 дугаар хуралдааны тэмдэглэлээр 2021 оны 4 дүгээр улиралд багтаан холбогдох тооцоо, судалгааг дахин боловсруулж, хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Төсвийн тухай хуулийн 8.9.8 заалт болон Хорооны даргаас өгсөн удирдамж, чиглэлийн хүрээнд тус ээлжит бус хуралдаанд  ЗУХАГ-аас  боловсруулсан “ХХЗХ-ны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн аудитын тайлан”-гийн дүгнэлт, зөвлөмжийн талаар танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийн авч хэлэлцээд, Хорооны хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар “Хорооны 2020 оны жилийн эцсийн санхүүгийн аудит”-ийн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай” хуралдааны тэмдэглэл гаргахаар шйидвэрлэсэн. Уг тэмдэглэлд, Зохицуулах хорооны 2020 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайлан материаллаг алдаагүй, НББ-ийн тухай хууль, СТОУС-д нийцүүлэн үнэн зөв, шударга толилуулсан тул “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргасан Аудитын гэрчилгээнд илэрхийлсэн байдал, аудиторын өгсөн санал, зөвлөмжийг цаашид хэрэгжүүлж ажиллахыг Хорооны дарга /Г.Чинзориг/, Санхүүгийн алба /Н.Халиунаа/-д тус тус үүрэг болгосон юм.

Тус хуралдаанд холбогдох бүтцийн газар, нэгжээс Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны жилийн эцсийн үндсэн статистик үзүүлэлтийн нэгдсэн мэдээлэл, дэлгэрэнгүй танилцуулга; ЗУХАГ болон ДХАА-наас нэгтгэн хяналт, үнэлгээ хийж боловсруулсан ХХЗХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан мэдээлэл, танилцуулгыг хийж тус тус хэлэлцүүлсэн болно.

Хорооны 2021 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 3 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 3 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20  тоот тогтоолын хавсралтаар 17 хуулийн этгээдэд 17 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот тогтоолын хавсралтаар 10 хуулийн этгээдийн 10 тусгай зөвшөөрлийг сунгасан болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2021-04-09