Home / Articles / Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын...
Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын тухай
2021-02-26
.expandedNode div{ display: block; margin-left:20px; } a:visited { color: } .collapsedNode div{ display:none; } Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинээр батлагдаж, 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар Харилцаа холбооны зохицуулах хороо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болох радио, телевизүүд, тэдгээрийг дамжуулдаг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь үндэсний болон нийтийн эрх ашиг, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээл үйлдвэрлэл болон салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж байна. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хөтөлбөртөө үндэсний бүтээлийн хувь хэмжээг хангах, зар сурталчилгааг тодорхой хязгаартайгаар нэвтрүүлэх зэрэг үүрэг хүлээж байгаа бол олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хувьд үндсэн багц, дамжуулж байгаа сувгууд нь үндэсний болон нийтийн эрх ашигт чиглэсэн тодорхой шаардлагыг хангах, мөн өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлөх зэрэг үүргийг хүлээж байгаа болно. Үндсэн багц гэж юу вэ? Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд олон суваг дамжуулах үйлчилгээний “үндсэн багц”-ыг (4.1.19-д) тодорхойлсон бөгөөд энэ нь олон суваг дамжуулах үйлчилгээнээс хэрэглэгч худалдан авч болох анхдагч, хамгийн бага багц юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.19.“үндсэн багц” гэж хэрэглэгч олон суваг дамжуулах үйлчилгээнээс худалдан авч болох анхдагч, хамгийн бага багцыг; Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч гэдэг нь хэрэглэгчид кабелийн телевиз, IPTV, хиймэл дагуулаар телевизийн үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээ эрхлэгчид юм. Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс гэж юу вэ? Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйлчилгээний үндсэн багц дахь өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээнд ногдох орлогоос 15%-иас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд буюу Монголын телевизүүдийн холбоо ТББ-д Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд (20.5.3) заасны дагуу төлж буй төлбөр юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3. өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах; 20.6.Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид “Холбоо” гэх/ нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна. Өргөн нэвтрүүлгийн телевиз гэж ямар телевизүүд вэ? Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд юм. Өргөн нэвтрүүлгийн телевиз нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан Телевизийн хөтөлбөрт тавих шаардлагын дагуу олон талт хөтөлбөр, үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг, орон нутгийн мэдээ, мэдээлэл, хүүхдэд зориулсан болон танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн түгээх нэмэлт үүрэг хүлээж байгаа болно. Өргөн нэвтрүүлгийн телевиз яагаад үйлчилгээний хөлс авч байгаа вэ? Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тэдгээрийн холбоогоор дамжуулан үйлчилгээний хөлс төлдөг болж байгаа нь нэг талаараа нэмэлт үүрэг хүлээж буй телевизийн хөтөлбөрийг дамжуулах эрхийн төлбөр бөгөөд оюуны өмчийг үнэлж, үндэсний бүтээл үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж буй хэлбэр юм. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын талаар ямар зохицуулалтууд туссан бэ? Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын үнэ тарифын үндэслэл, үндсэн багцад  тавигдах шаардлагыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан журмаар зохицуулах (26.6) ба үндсэн багцад олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизүүд багтсан байх (26.5), мөн тэдгээр нь багцын эхэнд байрлана (26.7) гэж заасан. Үүний дагуу Зохицуулах хорооноос “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ыг баталсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн: 26.5.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний үндсэн багцад энэ хуулийн 4.1.6, 4.1.21-д заасан радио, телевизүүд багтсан байна. 26.6.Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын үнэ тарифын үндэслэл, үндсэн багцад тавигдах шаардлагыг Зохицуулах хорооноос баталсан журмаар хянаж, зохицуулна. 26.7.Үндэсний олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгууд нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын эхэнд байна. Үндсэн багцын эхэнд байрлах олон нийтийн болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн жагсаалт: Эдгээр телевизүүд дарааллын хувьд үйлчилгээ эрхлэгч бүр дээр өөр өөр байж болно. Олон нийтийн телевиз Өргөн нэвтрүүлгийн телевиз MNB 25-р суваг TM Боловсрол MNB - Монголын мэдээ C1 TV5 Малчин MNB - Спорт Eagle TV8 Монгол телевиз MNB – World ETV TV9 Стар MNB – Гэр бүл NTV UBS Сүлд   SBN VTV Эх орон Жич: Орон нутгийн өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь тухайн аймагтаа олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад мөн багтана. Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад ямар шаардлага тавигдах вэ? “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-д үндсэн багц дахь гадаад сувгийн тоо нийт сувгийн 50 хувиас хэтрэхгүй байх, түүнийг үе шаттайгаар 30 хувь хүртэл бууруулах, үндсэн багц дахь гадаадын аль нэг улсын суваг нийт гадаад сувгийн 30 хувиас хэтрэхгүй байх шаардлагуудыг тусгасан. Мөн насанд хүрэгчдэд зориулсан болон төлбөртэй сувгийг үндсэн багцад оруулахгүй байхаар заасан. Үндсэн багцад тавигдаж буй дээрхи шаардлага нь үндсэн багцыг хүүхэд, олон нийт, үндэсний нийтлэг эрх ашигт нийцсэн болон үндэсний контент бүхий Монгол сувгуудаар түлхүү бүрдүүлэх, түүндээ тохирсон төлбөртэй байх, гадаад болон төлбөртэй сувгийг хэрэглэгч сонголтоор нэмж авч үздэг байхад чиглэсэн зохицуулалт юм. Олон суваг дамжуулах үйлчилгээнд ямар өөрчлөлт орж байгаа вэ? Өргөн нэвтрүүлгийн тухай хууль шинээр батлагдсанаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид өөрийн үйлчилгээний “үндсэн багц”-ыг хууль, журамд нийцүүлэх үүргийг хэрэгжүүлэн үндсэн багцаа шинэчлэн тодорхойлох, Зохицуулах хороонд хянуулах, Монголын телевизүүдийн холбоо ТББ-тай “өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс”-ийг төлөх тухай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах ажлуудыг гүйцэтгэсэн. Хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх явцад олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн багц дахь зарим сувгийн дараалал өөрчлөгдөх, зарим гадаад суваг хасагдах, үнэ тариф өөрчлөгдөх, нэмэгдэх зэрэг өөрчлөлтүүд хийгдэж, энэхүү өөрчлөлтийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээндээ мөрдөж ажиллахаар төлөвлөсөн байна. Үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хэрхэн хянаж үзсэн бэ? Үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”, Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалын дагуу хянан үзсэн. Мөн Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний төлс тооцох суурь тариф нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3-д заасан зарчмыг хангаж байгаа эсэхийг хянаж үзсэн болно. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3. өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах; Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг бүрэн эхээр нь үзэх “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам” -ыг үзэх