Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Монгол...
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнууллаа
2021-02-08
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнууллаа Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнууллаа

          Төрийн ордон, Төрийн  ёслол, хүндэтгэлийн их танхим 2021.02.08

        Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г. Чинзориг “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Г.Чинзориг нь улсад нийт 32 жил ажилласан бөгөөд үүнээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдах албан тушаалд  24  жил ажилласан байна.

Тэрээр 2005-2015 онуудад “Монгол Шуудан ХК”-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн цэвэр ашгийг 2,6 хувиар нэмэгдүүлэн, мэдээллийн технологид суурилсан олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, Дэлхийн Шуудан холбооны байгууллагаас олгодог EMS буюу буухиа шуудангийн үйлчилгээгээр Алтан болон Хүрэл өргөмжлөлийг  тус тус авч байсан.

 “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн орлогч захирлаар 2015-2018 онд ажиллаж, БСШУЯ-тай хамтран “Сумын төвийн ЕБС-иудад  интернэт хүргэх, хөдөө орон нутгийн 52 алслагдан сум, суурин газарт утасгүй болон суурин өргөн зурвасын сүлжээ байгуулах, 21 аймгийн 207 сум, суурин газар, хүн амд утасгүй болон суурин сүлжээ хүргэх, уламжлалт суурин утаснаас дараа үеийн суурин утасны (NGN) технологи руу шилжүүлэх, MIP70 үйлчилгээг бүх ухаалаг төхөөрөмжид ашиглах боломжтой шинэчлэл хийх, “Төрийн цахим үйлчилгээ” төслийн төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбох, хөгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан.

Г.Чинзориг 2018 оны 09 сараас Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын эрх зүйн шинэчлэлт хийх ажлыг манлайлан Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудыг шинэчлэх болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг шинээр батлуулах зэрэг салбарын хөгжил дэвшилд түлхэц болох түүхэн ажлыг гүйцэтгэхэд хамт олноо удирдан оролцсон юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын отгон гавьяат маань “Төр засаг, аав ээж, гэр бүл, нийт салбарын хамт олондоо,  энэ салбарт намайг өлгийдөн авч байсан “Монгол Шуудан” ХК-ийн захирал Жасрайн Жанцан асандаа талархал илэрхийлээд энэхүү эрхэм хүндэт шагнал нь Харилцаа, холбоо мэдээллийн технологийн салбарын үе үеийн төлөөллүүд бид бүхэнд өгч байгаа шагнал гэж бодож байна. “Цахим Монголын төлөө зүтгэе, Монгол Улс мандан бадраг” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

ХХМТГ-ын газрын дарга Б.Болор-Эрдэнэ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

ХХМТГ-ын хурлын танхим 2021.02.08