Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсэн байгуулагдсаны 25...
Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр хурлыг Дарга Г. Чинзориг нээж үг хэллээ.
2020-10-29

Эрхэм хүндэт Ноёд, хатагтай, Зочид төлөөлөгч, ахмад буурлууд аа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын манлайлагчид аа

Та бүхэнд Монгол Улсад харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсэж, хөгжсөний 25 жилийн түүхэн ойн баярын мэндчилгээг тус хорооны  хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өрнүүн амжилт, аз жаргал сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол улсын харилцаа холбоог морин өртөөнөөс цахим өртөө хүртэл хөгжүүлэхэд ажил үйлс, оюун ухаан, мэдлэг мэргэжлээ зориулан, үнэлж баршгүй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа үе үеийн Харилцаа холбоо, шуудан, мэдээллийн технологийн салбарын хамт олноо гүнээ хүндэтгэн, талархаж байгааг минь хүлээн авна уу.

Улс орны хөгжлийн түүчээ болсон бахархам амжилт, бадрангуй түүхтэй манай салбарын 100 жилийн ой ирэх 2021 онд болох гэж байна. Арвин баялаг намтартай энэ салбарын идэр залуу салаа мөчир нь болсон Харилцаа холбооны зохицуулах байгууллагын 25 жилийн ой өнөөдөр тохиож, Та бид энэхүү танхимд хуран цуглаад байна.

1995 онд Монгол улсын эдийн засаг, нийгмийн салбаруудаас манай салбар  анх удаа  салбарынхаа  бие даасан хууль болох Харилцаа холбооны тухай хуулийг батлуулж, анхны зохицуулах байгууллагыг “Харилцаа холбооны зохицуулах зөвлөл” нэртэйгээр  байгуулсан билээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн шилжилтийн амаргүй цаг үед манай салбар дэлхий нийт, олон улсын байгууллагуудын  тэргүүн туршлагаас суралцаж, гадаад харилцаа хамтын ажиллагаандаа түшиглэн, үүсгэн байгуулсан энэхүү байгууллага өнөөдөр харилцаа холбооны салбарын либералчлал, мэдээллийн технологийн хурдацтай хөгжилд тэргүүлэх үүрэг  гүйцэтгэн, салбарын бие даасан зохицуулалтын байгууллага болон хөгжин, төлөвшөөд байна.

Бие даасан зохицуулалтын байгууллагын үндэс суурийг тавьж, амжилт ололтод хөтөлж, алдаанаасаа суралцаж, засаж залруулж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн дарга Лантуу, Тамир, Баяраа, Баттогтох болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Энхмэнд, Болдбаатар, Балгансүрэн, Адьяасүрэн болон нийт үе үеийн гишүүд Та нартаа хорооны удирдлага, хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Харилцаа холбооны зохицуулах байгууллага нь чөлөөт эдийн засгийн тогтолцоонд бусад салбараа манлайлан түүчээлж,  харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, шинэ тулгар бодлого зохицуулалтын цөм нь болж хөгжиж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар Харилцаа холбоо, Радио долгион, Шуудан, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдан гарч, холбогдох зохицуулалтын дүрэм, журмын шинэчлэлтүүд хийгдэн, Монгол улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хууль эрх зүйн орчин алхам алхмаар боловсронгуй болж байна.

          Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэл, харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ, үүрэн  холбооны оператор Мобиком, Скайтел Юнител, Жи-Мобайл компаниуд болон салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч бусад компаниудын удирдлага, баг хамт олонд тус хорооны гишүүд удирдлага, хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэндээ баярлалаа. Бид хамтдаа хөгжин, дэвжиж, хөгжлийн түүхээ хамтдаа бичиж байгаа билээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь нийгмийн өөрчлөлт, хөгжлийн хурдцад нийцсэн шинэ бодлого, уян хатан зохицуулалтыг алхам бүрд шаардаж байдаг өвөрмөц онцлогтой салбар юм аа.

 Манай салбарын хөгжил тэлэлт нь цаг хормоор өсөн нэмэгдэж буй нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, даян дэлхийн мэдээллийн технологийн хувьсал өөрчлөлтийн хурдаар хэмжигдэж байна.

Харилцаа холбооны зохицуулах байгууллагын хөгжил төлөвшилд өөрийн мэдлэг оюун, авьяас чадвараа зориулан ажиллаж ирсэн тус хорооны үе үеийн ажилтан, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ түүхэн ойн баярын мэндийг  дахин хүргэж, сайн сайхныг хүсье. Энэ байгууллагын хөгжил дэвшлийн түүх Та бидний хамтдаа бүтээсэн амжилт ололтын түүх билээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологи Дэлхийн аж үйлдвэрийн хувьсгалыг манлайлж байгаа одоо үед энэ салбарт ажиллаж байгаа та бид, ажил мэргэжлээрээ БАХАРХАХ, мөн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Бидний бахархал нь ажлын амжилт, бүтээл, шинэ санаа, шинэ мэдрэмжээр илрэн гарч, ард түмнийхээ оюуныг тэлж,  аз жаргалтай амьдралыг тэтгэнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

Идэр залуу зохицуулах байгууллагынхаа ирээдүйг бид гэрэлтэйгээр төсөөлж, төлөвлөж байна.

Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх, салбарын олон улсын байгууллагын дараа үеийн зохицуулалтын чиг хандлагыг нутагшуулан, төлөвшүүлэх, хэрэгжилтийн үе шат бүр нь төлөвлөгдсөн үүрэг хариуцлага өндөр, цар хүрээ далайц ихтэй ажлууд биднийг хүлээж байна.

Төрийн байгууллагын цахим шилжилт, цахим засаглалыг дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим харилцааны эрх зүйн орчныг  улам боловсронгуй болгох үйл хэрэгт бид манлайлан оролцох болно.

Манай улсад амьдарч, ажиллаж, айлчлан зочилж байгаа хэн боловч өргөн, уудам эх орны минь хаана ч, хэзээ ч Харилцаа холбоо, шуудан, мэдээллийн технологийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах  нөхцөлийг бүрдүүлэх нь Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны тулгуур зарчим байх болно гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Эрхэм хүндэт Ноёд, хатагтай, зочид, төлөөлөгчид өө.

Та бүхэндээ Монгол улсад харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Харилцаа холбооны зохицуулах байгууллагыг хамтдаа хөгжүүлсэн Та бүхэндээ баярлалаа.                           МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ