Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын А/167 дугаар тушаалаар батлагдсан “5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” зохицуулалтын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн эхний шатны уулзалт тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд зохион байгууллаа. Уулзалтад үүрэн холбооны оператор компаниудаас гадна ИНЕГ, Эн Би Си ХХК, Хуавей Технологи Компаний Монгол дахь төлөөлөгч нар дараах илтгэлүүдийг тавьж оролцлоо.
Уулзалт, хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүд:
- Үүрэн холбооны 4G технологиос 5G технологид шилжих шилжилт
- 5G сүлжээний архитектур ба сүлжээний хуваалт
- 5G радио хандалтын сүлжээ
- 5G технологи болон давтамжийн чиг хандлага
- Юмсын интернэт (IoT) болон 5G сүлжээний IPv6 технологи
- 5G үндсэн сүлжээ, 5G хөдөлгөөнт холбооны хэт өргөн зурвас - найдваржилт өндөртэй, хугацааны хоцрогдол багатай үйлчилгээ
- 5G үйлчилгээ, сүлжээний бизнесийн асуудлууд
- 5G / IMT спектр менежментийн асуудлууд
Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээс дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G системийн радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлагууд олон улсад ямар түвшин байгааг судалж танилцуулах дэд ажлын хэсгүүдэд чиглэл тус бүрээр хуваагдан ажиллахаар боллоо.