Харилцаа холбооны зохицуулах хороо нь Фэйсбүүк компани, FARO foundation ТББ-тай хамтран Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үеэр хэрхэн хамтарч ажиллах талаар Facebook Election Day “Сонгууль-2020” цахим уулзалтыг 2020 оны 5-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Цахим уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Прокурорын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд, Фэйсбүүк компанийг төлөөлөн Жеорж Чен болон бусад албаны хүмүүс оролцож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хугацаанд фэйсбүүк орчинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ажил болон хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.
Тус уулзалтаар Фэйсбүүк компанийн зүгээс дараах байдлаар хамтран ажиллахаар боллоо.
Үүнд:
- Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос бүртгэгдэж ХХЗХ-нд ирсэн нэр дэвшигчийн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг баталгаажуулах;
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үеэр түргэн шуурхай хамтран ажиллах;
- Худал, хуурмаг мэдээлэл, хуурамч, цахим хуудсыг хязгаарлах, устгах технологийн арга хэмжээг авах зэрэг болно.
Монгол Улсын зүгээс бүх хүсэлтийг зөвхөн Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ногоон суваг”-ыг ашиглан хүргүүлж, түргэн шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахаар болсон.