Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
2020-03-11
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 02 дугаар хуралдаан 2020 оны 2 дүгаар сарын 28-ны өдөр болов.  

Энэхүү ээлжит хуралдаанаар “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ын төслийн тухай; УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд боловсруулсан холбогдох журам, баримт бичгийн төслийн танилцуулга (“Цахим орчинг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төсөл; “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төсөл); Телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай  үйлчилгээ эрхлэгч ДДэшТВ ХХК-ийн “Эцсийн хэрэглэгчид санал болгох үндсэн бүтээгдэхүүн,үйлчилгээний тарифын доод хязгаар”-ыг шинэчлэн тогтоох тухай; “Мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн батлах; Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл шинээр олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудал); Бусад: Онцгой байдлын тусгай дугаарын тухай зэрэг нийтдээ 13 асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус хорооны хуралдаан нь хэлэлцсэн дээрх асуудлаар хорооны хуралдааны 11 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг даалгаварыг холбогдох газар, хэлтэст өгч үүрэг болгов.

Зохицуулах хорооны үйл ажиллагаа болон харилцаа холбооны салбарт мөрдөгдөж буй дүрэм журам, зохицуулалтын баримт бичгүүдийг Захиргааны ерөнхий хууль, Харилцаа холбооны тухай хууль /2019-05-30/ зэрэг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг үндэслэл болгон ХХЗХ-ны хариуцсан газар, хэлтэсээс хамтран “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ын төслийг боловсруулжээ. Уг баримт бичгийг боловсруулахдаа тус хорооны 2013 оны 26 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Мэдээлэл, холбооны сүлжээний зохицуулалт”; 2013 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ерөнхий нөхцөл шаардлага”-ын 1-7 дугаар зүйл; 2013 оны 38 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Мэдээлэл, холбооны сүлжээ, дэд бүтэц байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”; 2013 оны 50 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага” зэрэг зохицуулалтын баримт бичгүүдийг нэгтгэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу баримт бичгийн төслийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс өөрийн цахим хуудсандаа 30 хоног байршуулж, санал авч, эрх ашиг нь хөндөгдөж буй үйлчилгээ эрхлэгчдээс албан тоотоор санал авсан бөгөөд үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хуралдаанаар холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шинэчилж боловсруулсан танилцуулга, тогтоолын төсөл, тогтоолын хавсралт “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ын төслийг авч хэлэлцэв. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн тогтоолын хавсралт баримт бичгийн төслийн талаар хуралдааны үеэр хорооны гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай хуралдааны тогтоолыг батлан шийдвэрлэв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 26 тоот тогтоол, 2013 оны 33 тоот тогтоол, 2013 оны 38 тоот тогтоол, 2013 оны 50 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгов. Хорооны 2020 оны 05 тоот тогтоолыг хавсралт баримт бичгийн хамт ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.

Зохицуулах хорооны тус хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай”,   “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай”,   “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”  газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээ дүгнэлт болон 6 тогтоолын төслийг хавсралтын хамт авч хэлэлцээд, хорооны хуралдааны 6 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар 25 хуулийн этгээдэд 25 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 07 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 08 тоот тогтоолын хавсралтаар 6 хуулийн этгээдийн 6 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар 12 хуулийн этгээдийн 13 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн;  
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 4 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2019 оны 41 тоот тогтоолоор “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмаар сүлжээний дугаар, тусгай дугаар олгох, бүртгэх, цуцлах зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, гамшгийн аюулын зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл болон томоохон ослын үед мэдээ, мэдээлэл хүлээн авах, дамжуулахад ашиглах 1800-1105 тусгай дугаарын төлбөрийг холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд хөнгөлөх асуудлыг судлан үзэх, шийдвэрлэж өгөх хүсэлтийг албан ёсоор ирүүлсэн юм. Иймээс Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 2 дугаар хуралдаанд “Зохицуулалтын үйлчилгээний хөлснөөс чөлөөлөх тухай” танилцуулга, хуралдааны тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэг, тус хорооны 2019 оны 41 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 7.2 дах заалтыг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 12 тоот тогтоолыг баталснаар ОБЕГ-ын 1800-1105 дугаарлалт бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед иргэдээс мэдээ, мэдээлэл хүлээн авах зорилготой тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 20.3 зүйл; Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.3; MNS ISO/IEC 17067:2014 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үндсэн асуудал ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар” стандарт; СХЗГ-ын Даргын 2019 оны А/56 тоот тушаалаар баталсан “Бүтээгдэхүүн, үйлчилгээний заавал баталгаажуулалтын ажлын төлбөр тооцоолох заавар”, Зохицуулах хорооны 2019 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах  журам” зэрэг хууль тогтоомж, холбогдох дүрэм журам шинэчлэгдсэн, өөрчлөлт орсонтой холбогдуулан Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх схем, түүний төлбөрийн хэмжээг шинэ заавар, аргачлалын дагуу шинэчлэн тогтоож батлах шаардлага гарч ирсэн болно.  Тус хуралдаанаар РДХЗГ, ЗУХАГ-аас хамтран боловсруулсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож батлах” тухай танилцуулга, тогтоолын төсөл, төлбөрийн хэмжээний өөрчлөлтийн төсөл зэрэг баримт бичгүүдийг хэлэлцүүлсэн.  Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, СХЗГ-ын Даргын 2019 оны А/56 дугаар тушаалаар баталсан “Бүтээгдэхүүн үйлчилгээний заавал баталгаажуулалтын ажлын төлбөр тооцоолох заавар”, тус  хорооны 2019 оны 29 тоот тогтоолоор баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг тус тус үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 13 тоот тогтоолоор “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2015 оны 10 тоот тогтоол, 2016 оны 02 тоот тогтоол, 2016 оны 47 тоот тогтоолыг тус тус хүчингүй болголоо.

Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5 хэсэгт заасан “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд зүй ёсны монополь болон давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах, батлах” бүрэн эрхтэй юм. ШӨХТГ-ын  2015 оны 6 тоот тогтоолоор ДДэш ХХК нь телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай болохыг тогтоосон бөгөөд Зохицуулах хорооны 2016 оны 22 тоот тогтоолоор “Телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай  үйлчилгээ эрхлэгч ДДэш ХХК-ийн “Эцсийн хэрэглэгчид санал болгох үндсэн бүтээгдэхүүн,үйлчилгээний тарифын дээд хязгаар”-ийг хянан баталж хэрэгжүүлж байсан юм. Улмаар ШӨХТГ-ын 2018 оны 05 дугаар тогтоолоор ДДэшТВ ХХК нь телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдлаа алдаж давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон болно. Иймээс Зохицуулах хорооноос “Телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай  үйлчилгээ эрхлэгч ДДэшТВ ХХК-ийн “Эцсийн хэрэглэгчид санал болгох үндсэн бүтээгдэхүүн,үйлчилгээний тарифын доод хязгаар” -ыг тогтоох шаардлагатай гарсан юм. Хорооны ЗЗҮТҮСГ-аас уг асуудлын талаар холбогдох үнэ, тарифын үндэслэл ба зардлын судалгаа тооцоолол, танилцуулга санал дүгнэлт, хорооны хуралдааны тогтоолын төслийг боловсруулан Хорооны 2020 оны ээлжит 2 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн болно. Тус хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах хэсгийг үндэслэн телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай  үйлчилгээ эрхлэгч ДДэшТВ ХХК-ийн “Эцсийн хэрэглэгчид санал болгох үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээний тарифын доод хязгаар”-ыг хянан 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 тоот тогтоолыг батлав. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2016 оны 22 тоот тогтоолыг  хүчингүй болгов.

Энэхүү хуралдаанаар ЗУХАГ, ажлын хэсгээс боловсруулсан “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт жагсаалтыг авч хэлэлцээд,  Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 271 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”,  тус хорооны 2019 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн “Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасч, актлах тухай” 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот тогтоолыг баталсан. Уг тогтоолд, Зохицуулах хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэхүү тогтоолын Нэгдүгээр хавсралтад заасан ашиглалтын хугацаа дуусч хэрэгцээ хангахгүй болсон 11 нэр төрлийн 15,2 сая төгрөгийн анхны өртөгтэй машин тоног төхөөрөмжүүдийг актлах, устгах санал;  үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэхүү тогтоолын Хоёрдугаар хавсралтад заасан ашиглалтын хугацаа дуусч, хэрэгцээ хангахгүй болсон 11 нэр төрлийн 40,3 сая төгрөгийн анхны өртөгтэй програм хангамжийг үндсэн хөрөнгөөс хасч актлах, устгах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж шийдвэрлэхээр тогтов.

ХХЗХ-ны Даргын 2020 оны А/35 тоот тушаалаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажлын бэлтгэлийг хангах, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах, зохион байгуулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, сүлжээ ба үйлчилгээний найдвартай ажиллагааг хангуулах, хяналт мониторинг хийх, мэдээлэл тайлан боловсруулах, байгууллагын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг (Ахлагч: Дэд дарга Д.Сэрээдорж) байгуулсан билээ. Ажлын хэсгээс “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслийг СЕХ, ШӨХТГ, ЦЕГ зэрэг эрх бүхий холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, байгууллагын цахим хуудаст 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн байршуулан саналыг авч эхлээд байгаа болно.

Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар Сонгуулийн тухай хууль (Сонгуулийн тухай хууль; 46-р зүйл.Сонгуулийн сурталчилгаанд радио,  телевиз, ашиглах”; 47 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах) болон бусад хууль, тогтоомжид заасан зохицуулах хорооны бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам-ын төслийн танилцуулга, цаашид гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөөний саналын талаар авч хэлэлцэв. Энэхүү асуудлыг хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хорооны дарга, гишүүдээс ажлын хэсэг нь ХЗДХЯ-тай ажлаа сайн уялдуулах, шуурхай хамтран ажиллах талаар гарсан санал зөвлөмж, удирдамж чиглэлийг баримтлах; 2 журам баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулахад СЕХ, ШӨХТГ, МХЕГ, УБОӨГ, ТЕГ, ЦЕГ зэрэг холбогдох, оролцогч байгууллагууд, иргэд, ААН, үйлчилгээ эрхлэгчдийн саналыг авч тусгах, хуульд заасан эрх бүхий байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийн ялгаа, гомдол маргаан шийдвэрлэх, үйл ажиллагаагаа уялдуулах, хариуцлагын зэрэг асуудлыг дахин нягтлах; журамыг хуульд заасан хугацаанд нь зохицуулах хорооны 2020 оны ээлжит хуралдаанд тухай бүр хэлэлцүүлэх, удирдамж чиглэл авах, батлуулах; СЕХ-той хамтран ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хянуулж бүртгүүлэх; батлагдсан журмыг сурталчилан таниулах, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, хууль журмын хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдэд хуралдаанаас үүрэг болгон даалгав.        

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2020-03-04