Home / Articles / ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ -...
ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ - 2019 ЭХЭЛЛЭЭ
2019-10-23
ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ - 2019 ЭХЭЛЛЭЭ ДЭЛХИЙН РАДИО ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ - 2019 ЭХЭЛЛЭЭ
 
 
 
 

Эдийн засгийн бүхий л салбар хязгаарлагдмал байгалийн нөөц болох радио давтамжийн үр дүнтэй хэрэглээний ашиглалтаас хамаарч байна.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараас гадна газрын тээвэр, гамшгаас хамгаалах, усан болон агаарын тээвэр, цаг уур, мэдээ мэдээлэл, үйлдвэрлэл, боловсрол, сансар судлал, шинжлэх ухааны судалгаа, банк санхүү, урлаг спорт гэх мэт бүхий л салбарт нэг буюу түүнээс дээш радио холбооны үйлчилгээг ашиглаж байна.

Тэдгээрээс гадна агаар, далайн температур, ургамлын хэв шинж, усны түвшин болон хүлэмжийн хий, агаарын чанар, салхины чиглэл, дэлхийн дулаарал зэрэг маш чухал мэдээллийн хяналтын болон дамжуулалтын үүргийг гүйцэтгэдэг.

Радио холбооны технологиуд маш олон төрлийн хэрэглээ, ашиглалтын өргөн цар хүрээг хамарч байгаа хэдий ч эдгээр хэрэглээнүүд зөвхөн ганц ижил цөм ойлголт дээр тогтдог. Тэдгээр нь газрын болон сансрын радио давтамжийн ашиглалт, тэдгээрийн хоорондын харилцан нөлөөлөл юм.

Дээрх асар олон төрлийн ашиглалтыг хангахын тулд ялгаатай радио үйлчилгээнүүдэд зориулсан, тэдгээрийн техник технологийн нөхцөл шаардлагыг тодорхой заасан радио давтамжуудыг оновчтой, хүртээмжтэй, үр ашигтай төлөвлөх, хуваарилах, мөн сансрын орбитын нөөцийг зохицуулах үйл ажиллагааг тогтоосон Дэлхийн Радио холбооны Дүрэм гэх олон улсын Засгийн газар хоорондын гэрээ байдаг ба Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага /ОУЦХБ/ нь энэхүү олон улсын гэрээг 112 жилийн туршид баталгаажуулж ирсэн байна.

Ээлжит Дэлхийн Радио Холбооны Их Хурал нь 2019 оны 10 сарын 27-11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдах бөгөөд ОУЦХБ-ын гишүүн 193 орны 3000 гаруй төлөөлөгч оролцоно.

Монгол Улсаас төлөөлөгчөөр Харилцаа Холбоо, Мэдээлэл Технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн Э.Алтанбагана, ХХМТГ-ын сансрын холбооны албаны ахлах мэргэжилтэн С.Онончимэг, ХХЗХ-ны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын дарга З.Амгалан, ахлах мэргэжилтэн М.Наранбаатар, мэргэжилтэн Ц.Батхүү нар оролцож байна.

ДРИХ-2019-д Монгол улс нь дараах үндсэн гол асуудлуудад саналаа тусган хэлэлцэгдэж байна. Үүнд:

  • Хэлэлцэх асуудал 1.1: I бүсэд 50-54 МГц-ийн давтамжийн зурвасын төлөвлөлтөд сонирхогчийн үйлчилгээг авч үзэх тухай;
  • АСУУДАЛ 1.11: Одоо ашиглагдаж байгаа үүрэн холбооны үйлчилгээний зурваст “Төмөр замын радио холбоо”-ны системийг сайжруулахын тулд Олон улсад эсвэл Бүс нутагт зохицуулагдсан давтамжийн зурвасыг төлөвлөх, шаардлагатай арга хэмжээг зүй зохистой хэрэгжүүлэх;
  • АСУУДАЛ 1.12: Одоо ашиглагдаж байгаа үүрэн холбооны үйлчилгээний зурваст “Ухаалаг Тээврийн Систем”-ийн ашиглалтыг Олон улсад эсвэл бүс нутагт зохицуулагдсан радио давтамжийн зурвасуудад хамгийн боломжит хэмжээгээр авч үзэх;
  • АСУУДАЛ 1.13: 5G - Хөдөлгөөнт үйлчилгээнд боломжит нэмэлт төлөвлөлтийг багтаасан IMT (International Mobile Telecommunications)-ийн ирээдүйн хөгжилд давтамжийн зурвасыг авч үзэх;
  • АСУУДАЛ 1.14: Одоо ашиглагдаж байгаа суурин үйлчилгээний зурваст HAPS (high-altitude platform stations)-д зориулсан зохистой зохицуулалтын арга хэмжээг авч үзэх, 6440‑6520 МГц (HAPS-аас газар руу) болон 6560-6640 МГц (газраас HAPS-руу) нарт;
  • АСУУДАЛ 1.16: Радио давтамжийн 5150-5925 МГц-ийн зурваст утасгүй дотоод холбооны систем (WAS/RLAN)-ийн зохицуулалтын арга хэмжээг хөдөлгөөнт үйлчилгээний нэмэлт төлөвлөлттэй хамт авах талаар
  • АСУУДАЛ 8: Зохицуулалтын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн зохицуулалтын байгууллагын орны нэр орсон нэмэлт тайлбарыг шаардлагагүй гэж үзвэл хасах, устгах талаар авч үзэх.