Home / Articles / Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн...
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа
2019-10-16
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын хүрээнд III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.

Энэ удаагийн уулзалтын гол онцлог нь хоёр орны хооронд хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээг байгуулах явдал байлаа.

Уулзалтад Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Улсаас Бээжин хотноо суугаа Элчин сайдын яам болон Мобиком Корпораци, Юнител ХХК зэрэг үүрэн холбооны оператор компаниудын төлөөлөл, БНХАУ-ын талаас Мэдээлэл, технологийн аж үйлдвэрийн яамны харьяа Радио зохицуулалтын товчоо, Радио хяналтын улсын төв, Үндэсний радио давтамжийн менежментийн судалгааны байгууллагын холбогдох албаныхан болон Өвөр монгол, Гансу, Шинжьян мужийн салбар байгууллагууд, БНХАУ-ын үүрэн холбооны оператор компаниудын төлөөлөгч нар тус тус оролцов.

Уулзалтаар талууд хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн зохицуулалтын гэрээнээс гадна талуудын радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, бодлого зохицуулалтын талаар, үүрэн холбооны дараа үеийн систем(IMT)-ийн радио давтамжийн ашиглалтыг үр ашигтай зохицуулах асуудлаар, түүнчлэн хил орчмын радио давтамжийн ашиглалтад хийсэн хяналтын үр дүнг танилцуулан цаашид харилцан нөлөөллийг бууруулах шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай тус тус санал солилцлоо.

Мөн талууд Арабын Бүгд Найрамдах Египет Улсад зохион байгуулагдах  Дэлхийн Радиог Холбооны Их хурлаар өөрийн орны хэлэлцүүлэх асуудлаар мэдээлэл солилцож, адил саналтай асуудлуудад хамтарсан санал оруулахаар харилцан тохиролцов.

Цаашдын хамтын ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрч, хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн зохицуулалтын анхны гэрээнд гарын үсэг зурсан явдал нь радио давтамжийн хилийн бүсээ баталгаажуулахад чухал алхам болсон. Ингэснээр Монгол Улс нь БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээг үзэглэсэн хоёр дахь улс болж байгаа юм.