Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болов.
Тус хуралдаанаар “Харилцааны холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай; хорооны хуралдааны 2019 оны 13 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай (Жи-Мобайл ХХК-ийн өр төлбөрийн асуудал); “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх арга хэмжээний тухай” танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; бусад зэрэг 4 асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас хэлэлцсэн дээрх асуудлаар хорооны хуралдааны 6 тогтоолыг батлан шийдвэрлэв.
Зохицуулах хорооны 2014 оны 10 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг батлуулан мөрдөж байгаа юм. Салбарын суурь хуулиудын нэмэлт өөрчлөлтийн дагуу зохицуулалтын баримт бичгийг нийцүүлэн шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус хуралдаанд “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг шинэчлэн батлах тухай танилцуулга, тогтоолын төсөл, баримт бичгийн төслийг боловсруулан хэлэлцүүлэв. Хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 9.1.3 дах заалтыг тус тус үндэслэн “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинэчлэн батлах тухай” 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 35 тоот тогтоолыг хавсралтын хамт батлав. Уг баримт бичиг батлагдснаар хот суурин, барилга байгууламж хооронд холбооны худаг, сувагчлал, шилэн болон зэс кабель шугам, агаарын шугам угсарч, суурилуулах; барилгын дотор холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболтын ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл; харин холбооны цамхаг байгуулж, түүн дээр холбооны тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил үйлчилгээ эрхлэх бол тусгай зөвшөөрөлд нэмэлт хийлгэх; зөвхөн барилгын дотор холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболт хийх ажил үйлчилгээ эрхлэх тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу Зохицуулах хороонд бүртгүүлж, гэрчилгээ олгох; тусгай зөвшөөрөл олгоход тавигдах техник хэрэгсэл, хүний нөөц, үйл ажиллагаандаа мөрдөх шинэчлэгдсэн стандарт зэрэг зохицуулалтыг нэмэлтээр оруулж заасан байна. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ыг хүчингүй болгов.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Томоохон өртэй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, аудитын компаний зөвлөмж, хорооны хуралдааны тэмдэглэлийн төсөл, Даргын зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот хуралдааны тэмдэглэл, тусгай зөвшөөрлийн талаар цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг тус тус авч хэлэлцээд, хорооны хуралдаанаас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн өр төлбөрийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг даалгавар, удирдамж чиглэлийг өгч, холбогдох арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэн ажиллахыг Дэд дарга, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газарт тус тус үүрэг болгосон. Энэхүү тэмдэглэлийн дагуу “Хорооны хуралдааны 2019 оны 13 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай” хэрэгжүүлсэн арга хэмжээ, хэрэгжилтийн танилцуулгыг хорооны хуралдаанд танилцуулан хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр заалт бүрэн хэрэгжсэн, тэмдэглэлийн 2 дугаар хэсэгт заасан Жи-Мобайл ХХК-ийн үлдэгдэл өр төлбөрийг үе шаттай барагдуулах, төлүүлэх хуваарийг гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, хорооны хуралдаанд тухай бүр танилцуулахыг Дэд дарга, холбогдох газар хэлтэст үүрэг болгов.
ХХЗХ-ны 2017 оны ээлжит 12 дугаар хуралдаанаар “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал”-ын тухай танилцуулгыг хэлэлцэж, ХХМТГ-ын 2017 А/71 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Монгол Улсад радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах чиглэл” -ийн 6.6 заалтыг “ ...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинээр боловсруулж, олгох ажлыг зохион байгуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэхүү үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор хорооны Даргын 2018 оны А/14 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, улмаар ажлын хэсгээс боловсруулан хорооны 2018 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар “Тоон радио өргөн нэвтрүүлгийн станцад ашилах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг батлуулсан бөгөөд Улаанбаатар хотод тоон радио өргөн нэвтрүүлгийн туршилтын сүлжээг байгуулах талаар хүсэлт гаргагч Эм Эс Жи Эм ХХК-иас ирүүлсэн санал, тусгай зөвшөөрлийн гэрээнд оруулах нөхцөл, шаардлагуудын төслийг тус хуралдаанд РДХЗГ, ЗБХГ-аас боловсруулан танилцуулсан. Хуралдаанаас Эм Эс Жи Эм ХХК-иас ирүүлсэн санал, гэрээнд тавигдах нөхцөл шаалдлагын төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, тус хуулийн этгээдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “Радиогийн газрын дахин дамжуулах сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд “Радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрлийг тус тус олгохоор 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар тогтоолын хавсралтад оруулан шийдвэрлэв.
Бусад асуудлын хүрээнд Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын үйл ажиллагаа, төсөв санхүү, ашиглалт үйлчилгээний байдал, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээллийг сонсож, УИХ-аар батлуулах 2020 оны улсын төсөвт тус компаний холбогдох зардлыг тусгуулах талаар ХХМТГ, ХХЗХ-ноос бодлого, зохицуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв.
Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл түдгэдзүүлэх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон 4 тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 4 тогтоолыг батлан шийдвэрлэв:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 9 хуулийн этгээдэд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 36 тоот тогтоолын хавсралтаар 11 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
- Ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1, 12.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот тогтоолыг тус тус батлав.
Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү
Харилцаа холбооны зохицуулах хороо
2019-09-23