Home / Articles / “Харилцаа холбооны хөгжил-2019” бүсийн зөвлөгөөн амжилттай болж...
“Харилцаа холбооны хөгжил-2019” бүсийн зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө
2019-09-25
“Харилцаа холбооны хөгжил-2019” бүсийн зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө “Харилцаа холбооны хөгжил-2019” бүсийн зөвлөгөөн амжилттай болж өнгөрлөө

“Харилцаа холбооны хөгжил-2019” бүсийн зөвлөгөөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн уламжлалтай. 

Тус зөвлөгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын цахилгаан холбоо ХК болон Монгол шуудан ХК зэрэг үүрэн телефон болон суурин холбоо, интернэт, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын удирдлагууд болон Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд дахь харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо. 

Зөвлөгөөнөөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалтын чиг хандлагууд, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай болон Радио долгионы тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хуулийн хэрэгжилт, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагууд, ХХЗХ-ны 2019-2024 оны үйл ажиллагааны стратеги,  салбарын судалгаа шинжилгээний дүн болон тайлан мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тайлбарлаж, танилцуулах зорилготой байлаа.

Мөн Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын харилцаа холбоо, мэдээлэл технологийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулж, үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй харилцан санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэнээрээ онцлогтой болж өнгөрлөө.