Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанд АНДЦХБ-ын гишүүн 25 орны 470 төлөөлөгчид оролцож ДРИХ-д хэлэлцүүлэх 25 бүлэг асуудлыг хэлэлцэн 44 асуудалд санал нэгдэж (https://www.apt.int/2019-APG19-5 ) АНДЦХБ-ын нэгдсэн саналыг эцэслэн баталлаа. Энэхүү хуралдаанд Монгол улсыг төлөөлж Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын дарга З.Амгалан, ХХМТГ-ын мэргэжилтэн С.Онончимэг нар өөрийн орны байр суурийг танилцуулан оролцлоо.
ДРИХ-д хэлэлцэх Газрын болон Хөдөлгөөнт холбооны талаар хэлэлцсэн зарим шийдвэрүүдийг дор товч танилцууллаа. Үүнд:
АСУУДАЛ 1.1:
Тогтоол 658 (WRC‑15)-ийн дагуу I бүсэд 50-54 МГц-ийн давтамжийн зурвасын төлөвлөлтөд сонирхогчийн үйлчилгээг авч үзэх тухай.
АСУУДАЛ 1.11:
Тогтоол 236 (WRC-15) дагуу одоо ашиглагдаж байгаа үүрэн холбооны үйлчилгээний зурваст “Төмөр замын радио холбоо”-ны системийг сайжруулахын тулд Олон улсад эсвэл Бүс нутагт зохицуулагдсан давтамжийн зурвасыг төлөвлөх, шаардлагатай арга хэмжээг зүй зохистой хэрэгжүүлэх тухай.
АСУУДАЛ 1.12:
Тогтоол 237 (WRC-15) дагуу одоо ашиглагдаж байгаа үүрэн холбооны үйлчилгээний зурваст “Ухаалаг Тээврийн Систем”-ийн ашиглалтыг Олон улсад эсвэл бүс нутагт зохицуулагдсан радио давтамжийн зурвасуудад хамгийн боломжит хэмжээгээр авч үзэх.
АСУУДАЛ 1.13:
Тогтоол 238 (WRC‑15) дагуу хөдөлгөөнт үйлчилгээнд боломжит нэмэлт төлөвлөлтийг багтаасан Дараа Үеийн Хөдөлгөөнт Холбооны Технологийн ирээдүйн хөгжилд давтамжийн зурвасыг авч үзэх.
АСУУДАЛ 1.14:
ОУЦХБ-ын судалгаанд үндэслэсэн Тогтоол 160 (WRC‑15) дагуу одоо ашиглагдаж байгаа суурин үйлчилгээний зурваст HAPS (high-altitude platform stations)-д зориулсан зохистой зохицуулалтын арга хэмжээг авч үзэх;
АСУУДАЛ 1.16:
Тогтоол 239 (WRC-15)-ийн дагуу радио давтамжийн 5150-5925МГц-ийн зурваст утасгүй дотоод холбооны систем (WAS/RLAN)-ийн зохицуулалтын арга хэмжээг хөдөлгөөнт үйлчилгээний нэмэлт төлөвлөлттэй хамт хэрэгжүүлэх.
АСУУДАЛ 8:
Тогтоол 26 (Rev.WRC-07)-ын дагуу зохицуулалтын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн зохицуулалтын байгууллагын орны нэр орсон нэмэлт тайлбарыг шаардлагагүй гэж үзвэл хасах, устгах талаар авч үзэх.
АСУУДАЛ 10:
Хурлын Зүйл 7-ийн дагуу дараагийн Дэлхийн Радиогийн Их Хуралд тавигдах зүйлүүдийг Зөвлөлд оруулах, дараагийн хуралд тэдгээрийн урьдчилсан дүгнэлт, хөтөлбөрийг танилцуулах;
ДРИХ-23 тавигдах урьдчилсан хөтөлбөрийн асуудлууд:
- 2.1-т GMDSS-ийн шинэчлэлийн талаар;
- 2.2-т 45МГц-ийн зурвас дахь Сансарын радарын (Дэлхийн гадаргын зургийг илгээх) тухай;
- 2.3-т Сансарын цаг уурын мэдрэгчүүдийн талаар;
- 2.5-т I бүсэд 470-960 МГц-ийн зурвасыг дахин авч үзэх тухай;
- 2.4-т Тогтоол 810 (WRC-15) дахин хэлэлцэх тухай.
Үүнээс гадна:
- Радио давтамжийн 5925-7125 МГц-ийн зурваст цаашид Дараа Үеийн Хөдөлгөөнт Холбооны Технологийг (ДҮХХТ) нэвтрүүлэх талаар судалгаа хийх;
- Радио давтамжийн 2.7 ГГц-ээс доош зурваст HAPS технологид хөдөлгөөнт холбооны давтамжийн зурвасаас ашиглах талаар авч үзэх;
- Радио давтамжийн 5150-5975 МГц-ийн зурваст цаашид ДҮХХТ нэвтрүүлэх талаар судалгаа хийх;
- Радио давтамжийн 4800-4990 МГц-ийн зурваст цаашид ДҮХХТ нэвтрүүлэх талаар судалгаа хийх;
- Радио давтамжийн 1427-1518 МГц-ийн зурваст цаашид ДҮХХТ нэвтрүүлэх талаар судалгаа хийх зэрэг асуудлуудын хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзэж танилцана уу! https://www.apt.int/APTAPG;