Home / Articles / ’Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд’’ сэдэвт...
’Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд’’ сэдэвт семинар зохион байгуулагдлаа
2019-05-20
’Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд’’ сэдэвт семинар зохион байгуулагдлаа ’Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд’’ сэдэвт семинар зохион байгуулагдлаа

Энэхүү асар хурдацтай хөгжиж буй Мэдээлэл, технологийн эрин зуунд өдөр тутмын амьдралыг бид гар утас, интернэтгүйгээр төсөөлөх аргаггүй болжээ. Сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд байгаа орон сууцны дээр байрласан үүрэн холбооны бааз станцын болон гар утасны цахилгаан соронзон долгион нь хүний эрүүл мэндэд хортой гэсэн ойлголтод эрүүл мэндийн олон улсын байгууллагуудын бодит судалгаа, хяналт шалгалтын дүнд үндэслэсэн мэдлэг, мэдээллийг олон нийтэд өгөх зорилгоор Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тус семинарыг зохион байгууллаа.

Энэ семинарт цахилгаан соронзон долгионы хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар 25 жилийн турш судалгаа хийж буй судлаач доктор Жек Роулей Австрали улсаас оролцож танилцуулга хийлээ.

Тус семинарт сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, сууц өмчлөгчдийн  холбооны гишүүд, утасгүй интернэт болон үүрэн холбооны оператор компаниуд, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага, Улаанбаатар хотын Засаг Даргын Тамгын Газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож чөлөөт хэлэлцүүлэг хийлээ.

Олон улсын судлаачийн тайлбарласнаар Англи Улсад 2000 оны эхээр Монгол улсын өнөөгийн байдалтай их төстэй байдлаар үүрэн холбооны бааз станц нь хүний биед хортой гэсэн хардлага их байсан бөгөөд 2001-2012 оны хооронд нийт 50 сая удаагийн хэмжилт шалгалт хийгдсэн боловч шалгалтын үр дүн нь Олон Улсын үл ионжигч цацрагаас хамгаалах олон улсын хорооноос баталсан хүний биед нөлөөлөх хязгаараас 25-45 дахин бага хэмжээтэй гарч байсан тул Их Британи Улсын Засгийн газар нь цаашид дахин хэмжилт хийхийг зогсоосон байна.

Харин Олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгагдаж, баталгаажаагүй радио нэвтрүүлэгч төхөөрөмжүүд нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлтэй тул шинэ утасгүй технологийн системийг нэвтрүүлэхээс өмнө шалгаж баталгаажуулах, улсын хилээр зөвхөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулсан радио тоног төхөөрөмжийг нэвтрүүлдэг байх нь чухал болохыг цохон тэмдэглэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас Цахилгаан соронзон орны хүний биед нөлөөлөх нөлөөний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Цахилгаан соронзон орны лавлах “ЦСО Лавлах” аппликешнийг гар утсандаа татан авч танилцахыг зөвлөмж болгосон байна.

Сургалтын материалуудыг татаж авах

  • Монгол Улсын радио долгионы хяналт, зохицуулалтын тогтолцоо, радио тоног төхөөрөмжийн баталгаажуулалт; 
  • Олон улсад харилцаа холбооны тоног төхөөрөмжид ямар стандарт шаардлага тавигддаг, үүний хэрэгжилтийг үйлдвэрлэгчид хэрхэн хангадаг, олон улсад хийгдсэн судалгааны үр дүнгүүд;
  • Монгол улсын радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөллийн стандарт, шаардлага, хяналт шалгалтын талаарх;