Home / Articles / ХХЗХ-ны төлөөлөгчид ИБУИНВУ-ын Зохицуулах байгууллагатай хамтын ажиллагаа...
ХХЗХ-ны төлөөлөгчид ИБУИНВУ-ын Зохицуулах байгууллагатай хамтын ажиллагаа тогтоов
2013-10-21

Тус хорооны дарга Б. Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид  2013 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Их Британи Улсын Лондон хотод “Олон улсын харилцаа холбооны институт” (International Institute for Communications - IIC) байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Олон улсын зохицуулагчдын форумд оролцоод ирлээ.  Тус форумд 40 гаруй улсын харилцаа холбооны зохицуулах байгууллагын удирдах албан тушаалын 80 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд үүнээс 18 нь зохицуулах байгууллагын дарга,  удирдлагын төлөөлөл байлаа. Форумаар зохицуулах байгууллагуудад нийтлэг, сүүлийн үеийн тулгамдсан дараах сэдвүүдээр 6 салбар хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулан туршлага, саналаа харилцан солилцов. Үүнд:

  1. Нэгдэн нийлж байгаа үеийн зохицуулалт буюу өргөн нэвтрүүлэг болон цахилгаан холбооны салбарын зохицуулалтын уялдаа холбоо, ялгаатай талууд
  2. Зохицуулагч хэрхэн өөрөө өөрийнхөө амжилт, үйл ажиллагааг үнэлэх вэ?
  3. Зохицуулалтын ямар асуудлууд дээр олон улсын хамтын ажиллагаа боломжтой вэ?
  4. OTT эсвэл контент, аппликэшн нийлүүлэгчид – Зохицуулагчид тавьж буй асуудлууд
  5. Дэд бүтцийг хүртээмжтэй байлгахад тулгарч буй асуудлууд болон түүнийг нийгмийн сайн сайхан, хэрэглэгчийн эрх ашгийн тусын тулд ашиглах нь
  6. Шинээр алхам тутам бий болж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Энэ үеэр тус хорооны дарга Б. Балгансүрэн 5 дахь салбар хуралдаан буюу “Дэд бүтцийг хүртээмжтэй байлгахад тулгарч буй асуудлууд болон түүнийг нийгмийн сайн сайхан, хэрэглэгчийн эрх ашгийн тусын тулд ашиглах нь” хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсын мэдээлэл, холбооны сүлжээний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, санал бодлоо солилцсон.  Тэр дундаа Монгол Улсын хувьд өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, тархай байрлалтай зэрэг бусад улсаас эрс ялгаатай онцлог нь сүлжээ дэд бүтцийг үр ашигтай байгуулахад нэлээд хүндрэл, бэрхшээл учруулдаг асуудлыг хөндөн ярилцсан юм.

Энэхүү форум нь зөвхөн зохицуулах байгууллагын удирдах түвшний хүрээнд хаалттай зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд уг форумын үед зохицуулах байгууллагуудын удирдлагууд бүхий л тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудаа нээлттэй, илэн далангүй ярилцаж, харилцан туршлага солилцдог. Энэ удаагийн форумыг Их Британийн зохицуулах байгууллага OFCOM хамтран зохион байгуулсан болно. 

Зохицуулах хорооны төлөөлөгчид уг форумын дараа Их Британийн уламжлалт цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгч болох Бритиш телеком (BT) компани дээр зочилж, сүлжээний функциональ буюу үйл ажиллагааны салгалтыг хэрхэн зохион байгуулсан туршлага, тэдний олон улсын зөвлөх багийн үйл ажиллагаатай танилцав.  

ИБУИНВУ-ын Зохицуулах байгууллага болох OFCOM-ын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, Монголын Зохицуулах байгууллагын үйл ажиллагааг танилцуулан Тоон телевизийн шилжилт, Өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалт, Өргөн зурвасын сүлжээний зохицуулалт, салгалтын асуудал зэрэг сэдвүүдээр туршлага судлан хамтран ажиллахаар тохиролцсон юм.