Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
2019-03-19
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 3 дугаар хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд хорооны тогтоолыг нийцүүлэх тухай (Хорооны 2015 оны 65 тоот тогтоол: Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын  хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага); Монгол Шуудан ХК-ийн дотоодын үйлчилгээний үнэ тарифыг тогтоох ажлын явцын танилцуулга (Хорооны хуралдааны 2018 оны 12 дугаар тэмдэглэл); Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтийн талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад асуудал (“Монгол Телевиз ХХК-ийн гомдлын тухай” танилцуулга, Хорооны ажлын албаны даргын урамшууллын хэмжээг  тогтоох тухай) зэрэг 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Тус хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

Хорооны 2019 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар 2015 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэхдээ байгууллагын цахим хуудаст 1 сар байршуулан олон нийтийн саналыг авч боловсруулж, хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэх талаар үүрэг, чиглэлийг өгсөн юм. Уг асуудлыг 2019 оны ээлжит 3 дугаар хуралдаанд Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас шинэчилсэн танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг боловсруулан хэлэлцүүлэв. Энэхүү асуудлыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хорооны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 09 тоот тогтоолыг баталсан. Тогтоолын хавсралтаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д холбогдох нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2004 оны 22 дугаар тогтоол,  2011 оны 56 дугаар  тогтоол, 2015 оны 65 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов.

Тус хуралдаанд Монгол Шуудан ХК-ийн дотоодын үйлчилгээний үнэ тарифыг тогтоох ажлын явцын танилцуулга (Хорооны хуралдааны 2018 оны 12 дугаар тэмдэглэл); Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлтийн талаар танилцуулгыг хэлэлцээд, танилцуулгатай холбоотой асуудлаар холбогдох газар хэлтэст үүрэг, чиглэл өгсөн болно.

Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дах заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн “Хорооны ажлын албаны даргын урамшууллын хэмжээг тогтоох тухай” хорооны хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг батлав. Тус хуралдаанд ЗУХАГ-аас “Монгол Телевиз ХХК-ийн гомдлын тухай” танилцуулгыг хийж,  хорооны гишүүдэд холбогдох мэдээллийг өгөв.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 2 тогтоолыг батлан шийдвэрлэсэн:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 14 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 тоот тогтоолын хавсралтаар 6 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).