ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газар хамтран олон нийтэд цахим орчны зүй зохистой хэрэглээг сурталчлах, нөлөөллийн ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ давлагааг өрнүүлж, цахим орчны зүй зохистой хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм.
Дашрамд сонирхуулахад сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж, 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо 2017 онд 2.9 сая, 2018 онд 3.1 саяд хүрсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээ төсөөлснөөс илүү хүрээ, хэрэглээг хамарч байгааг харуулж байна.
Гэвч цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах, тэдэнд сөрөг нөлөөтэй садар самуун, хүчирхийллийг сурталчилсан контентууд ихээр гарах болсон.
Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон бусад хөгжилтэй орнууд нь цахим орчны зүй зохистой хэрэглээг олон нийтэд бий болгох, энэ талаарх сургалт семинарыг зохион байгуулах нь цахим орчны зохицуулалтын нэг арга хэлбэр гэж үзэх болсон. Иймээс дараах сэдвийн хүрээнд “Цахим орчинг зөв болГоё” нэг сарын аяныг зохион байгуулж байна. Үүнд:
- Цахим орчны зохистой хэрэглээ
- Нийгмийн сүлжээний зохистой хэрэглээ
- Цахим орчны хүүхэд хамгаалал
- Цахим орчны аюулгүй байдал
- Цахим хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал
- Цахим донтолт, зуршил
- Фэйсбүүкийн хуурамч мэдээллийг хэрхэн ялгах