Home / Articles / Тус хорооны төлөөлөгчид ХБНГУ-д ажиллаад ирлээ
Тус хорооны төлөөлөгчид ХБНГУ-д ажиллаад ирлээ
2013-07-19
Тус хорооны төлөөлөгчид ХБНГУ-д ажиллаад ирлээ Тус хорооны төлөөлөгчид ХБНГУ-д ажиллаад ирлээ

ХХЗХ-ны гишүүн бөгөөд Дэд дарга Б.Мөнхбат, гишүүн Д.Амгаланбаатар, РДЗХА-ны дарга А.Лувсан-Очир, мэргэжилтэн Ц.Чулуунбат нар ХБНГУ-ын Цахилгаан холбоо, шуудан, цахилгаан, газ болон төмөр замын асуудал эрхэлсэн Холбооны сүлжээний агентлаг (Federal Network Agency), Бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллага (TUV SUD) болон Rohde Schwarz зэрэг байгууллагуудтай 2013 оны 07 дугаар сарын 08-наас 13-ны өдрүүдэд тус тус албаны уулзалтууд хийж, туршлага судлан цаашид хамтран ажиллах талаар харилцан тохиролцлоо.

 ХБНГУ-ын Баталгаажуулалтын байгууллага (TUV SUD)-ын үйл ажиллагаатай танилцав

  Тус хорооны төлөөлөгчид ХБНГУ-ын Мьюнхен хотноо байрлах ХБНГУ-ын Баталгаажуулалтын байгууллага (TUV SUD)-ын холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүдтэй товлосон уулзалтаар албан ажлаа эхэлсэн бөгөөд тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын үйлчилгээ технологи баталгаажуулалт хариуцсан дэд ерөнхийлөгч Доктор Майкл Каппелан (Dr.-Ing Micheal Kappelan), удирдах зөвлөлийн гишүүн ноён Штефен Юрц (Steffen Jurtz), санхүүгийн албаны дарга ноён Фабиан Шоберт (Fabian Shobert) Их Британи дах салбар (BABT)-ын бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагын ахлах ноён Нэйтэн Эмэри (Nathan Emery) тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Европын холбооны радио болон цахилгаан холбооны тоног төхөөрөмжийн заавар, өнөөгийн олон улсын болон Европын баталгаажуулалтын систем, стандарт, зохион байгуулалт, шаардлага, үүрэг хариуцлагын талаар танилцуулга илтгэл хийснээс гадна АНУ, Япон, Их Британи, Европын холбооны улс зэрэг бусад орнуудын стандарт, бүтээгдэхүүн баталгаажуулалтын талаар баримталж буй дүрэм, зохицуулалт, хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын арга хэмжээний талаар ярилцаж санал солилцсон болно. Түүнчлэн 17 мянган ажилтантай дэлхийд 600 гаруй салбартай тус байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, зах зээлд шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүний баталгаажуулалт, бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллагад тавигдах ерөнхий шаардлагын стандарт (BS EN 45011), итгэмжлэгдсэн сорилтын лаборатори, техникийн баталгаажуулалт хэрхэн хийгддэг болоод тэдгээрийн гэрчилгээ, өргөдлийн маягт, өргөдөлд хавсаргах бичиг баримт зэргийн талаар туршлага судалж, семинар зохион байгуулсан. Ихээхэн ач холбогдол, үр дүнтэй болсон тус уулзалтаар хоёр байгууллага цаашид хамтран ажиллах, тэр дундаа баталгаажуулалтын чиглэлээр туршлагаа хуваалцаж хамтран ажиллахаар тохиролцжээ.   

ХБНГУ-ын Баталгаажуулалтын байгууллага (TUV SUD)-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэбсайтаар орж танилцаж болно. http://www.tuev-sued.de/home_en 

Рөүд энд Шварц (Rhode & Schwartz)-ийн төлөөлөгчтэй уулзлаа

ХБНГУ-ын Мьюнхен хотноо байрлах Рөүд энд Шварц байгууллагын төв байр болон түүний үзэсгэлэнгийн танхимаар зочилж тус байгууллагын бүтэц, зохион байгуулалттай танилцахаар товлогдсон юм. Энэ үеэр тус байгууллагын үйл ажиллагаа, суурин болон явуулын радио хяналт шалгалтын төхөөрөмж, нэвтрүүлэгч, хүлээн авагч, шинэ техник технологи, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, тэдгээрийн баталгаажуулалт, тохируулга, засвар үйлчилгээний чиглэлээр тус байгууллагын Ази Номхон Далайн бүсийн худалдааны менежер ноён Ёорк Колерттой (Yorck Kollert) уулзалт зохион байгуулж харилцан санал солилцсон. Тус байгууллагатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэбсайтаар орж танилцаж болно. http://www.rohde-schwarz.com/en/

ХБНГУ-ын Холбооны засгийн газрын Сүлжээний агентлаг (Federal Network Agency)-аас туршлага судаллаа

ХБНГУ-ын Бонн хотноо байрлах Холбооны Засгийн газрын Сүлжээний агентлагийн төлөөлөгчид болох олон улсын бодлого, зохицуулалтын стратеги хариуцсан ноён Волтер Фанк (Walter Funk), Дугаарлалтын менежмент хариуцсан дарга ноён Карстен Счиерлох (Karsten Schierloh), онцгой байдлын үеийн харилцаа холбооны үйлчилгээ хариуцсан ноён Бернад Неисчел (Bead Henschel) нартай уулзалт хийсэн ба тус улсын харилцаа холбооны салбарын түүх, бүтэц зохион байгуулалт,  салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, дүрэм журмын талаар ярилцлаа.

Харилцаа холбооны тухай хуулийн дугаарлалттай холбоотой заалтууд, дугаарлалтын журам, дугаарлалтын зохион байгуулалт, хуваарилалт, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, төлбөр, дугаар буцаалт, нийтийн телефон сүлжээний дугаарлалт, зохицуулалтын чиглэлээр манай төлөөлөгчид туршлага судалж танилцсан болно. ХБНГУ-ын Холбооны засгийн газрын Сүлжээний агентлагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэбсайтаар орж танилцаж болно. http://www.bundesnetzagentur.de