Home / Articles / Хуулийн төслүүдэд хэлэлцүүлэг хийлээ
Хуулийн төслүүдэд хэлэлцүүлэг хийлээ
2018-02-12
Хуулийн төслүүдэд хэлэлцүүлэг хийлээ Хуулийн төслүүдэд хэлэлцүүлэг хийлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2017 оныг Хууль, эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын  хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”, “Шуудангийн тухай” хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах талаар Тандан судалгаа хийх, Үзэл баримтлал боловсруулж, батлуулах чиглэлээр ажиллаа.

 Тус хуулиудын төслөөр Мэдээлэл, харилцаа холбооны салбар үйл ажиллагаа эрхэлж буй үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагууд, салбарын эрдэмтэн судлаачид, Төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 36 санал, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 40 санал, Харилаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 97 саналыг тус тус гаргасан байна.

Хуулийн төслүүдэд гаргасан зарим саналуудаас дурдвал:

  1. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Шуудангаар үйлчлүүлэгчдийн  хэрэгцээ, сонголт өсөн нэмэгдэж, цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологи шуудангийн салбарт өргөнөөр нэвтэрч байгаа, түүнчлэн үндсэн сүлжээний эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд шуудангийн маркийн үнэ, эзэмшил, эрхлэн гаргах асуудлыг харьяалах статусыг тодорхой болгох, хадгалалт, хамгаалалтыг хариуцах этгээдийг тодорхой болгох хэрэгцээ, шаардлага байгааг онцолсон. Дээрх хэрэгцээ, шаардлагуудыг үндэслэн шуудангийн үйлчилгээг олон улсад өрсөлдөх чадвартай, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, түүний давуу талд тулгуурласан, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, найдвартай, хурдан шуурхай хүргэлтийг хийж чадах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай шуудан болгон өөрчлөх үндсэн зорилтыг хангахын тулд дээр дурсан үндэслэл, шаардлагыг үндэслэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.
  2. Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Радио долгионы хуваарилалт, ашиглалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам, зохицуулалтын баримт бичгийг батлах, олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд радио давтамжийн төлөвлөлтийг Олон улсын цахилгаан холбооны байгууллагад бүртгүүлэх, радио долгионыг ашиглах цар хүрээ асар хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, түүнийг багасах, радио долгионы харилцан нөлөөллийг бууруулах, эдгээртэй холбоотойгоор радио давтамж ашиглаж буй тоног төхөөрөмж, үүсгэврүүдэд баталгаажуулалт хийхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгасан.
  3. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил, зах зээлийн тэлэлт, өрсөлдөөний орчны өөрчлөлт, техник технологийн хөгжил дэвшил, түүнд суурилсан нэгдэн нийлэлт, мөн Мэдээлэл, харилцаа холбооны салбарын улс орны нийгэм, эдийн засгийн бусад салбаруудад үзүүлэх нөлөө, салбар хоорондын зохицуулалт, эрх зүйн хэм хэмжээг хуульд тусган тогтоох шаардлагатай байгаа талаар тусгасан байна.

“Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл”-үүдийн хэлэлцүүлэгт оролцогчдоос бичгээр болон биечлэн гаргасан санал, зөвлөмжүүдийг дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлд тусгах чиглэлээр ажиллаж байна.