Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье...
Төрийн бодлогын хүрээнд:
- Хууль эрх зүйн орчин:
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололт, амжилтыг /МХХТ/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгуур болгон ашиглах, салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдэд үнэлгээ, шинжилгээ хийх, сайжруулах, шинээр боловсруулах. Үүнд:
- Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Харилцаа холбооны тухай хууль (2001), Радио долгионы тухай хууль (1999), Шуудангийн тухай хууль (2003 он), Хувь хүний нууцын тухай хууль (1995), Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) зэрэг хуулиудын хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулж, батлуулах
- Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Мэдээллийн технологийн тухай хууль, Өгөгдөл хамгаалах тухай хууль, Цахим засгийн тухай хууль, Домайн нэрийн тухай хууль зэрэг төрийн болон бизнесийн үйл ажиллагааг дэмжих нэн чухал шаардлагатай хуулиудыг шинээр боловсруулж, батлуулах;
- Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийгмийн сүлжээ, онлайн орчны зохицуулалтын эрх зүйн орчинг бий болгох;
- Өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого, зохицуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, УИХ-д өргөн барьсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг батлуулах;
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарын Оюуны өмчийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох;
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг төрийн бодлогоор дэмжих:
- Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр давхардсан салбар дундын үр ашиггүй хөрөнгө оруулалтыг арилгах, нэгдсэн бодлого, удирдлагаар дэмжих;
- Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгож цахимжуулах, бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх;
- Төр бодлогоор төрийн байгууллагуудын мэдээллийн технологид суурилсан үйл ажиллагаа, үйлчилгээний төсвийг оновчтой төлөвлөх, нэмэгдүүлэх;
- Төр өөрөө мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамгийн том хэрэглэгч – үйлчлүүлэгч байх, үндэсний програм хангамж үйлдвэрлэгчдийг дэмжих;
- Шинэ төрлийн дэд бүтэц буюу цахим засаг, зүйлсийн интернет, их өгөгдлийг хөгжүүлэх үндэсний болон олон улсын хэмжээний дата төвүүдийг байгуулах;
- Инновацийг дэмжих зорилгоор нээлттэй өгөгдлийн дэд бүтцийг төр болон хувийн хэвшил хамтран ашиглах боломжийг бүрдүүлэх, баталгаажсан мэдээллийг төрийн болон бизнесийн үйл ажиллагаанд ашиглах;
- Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тоног төхөөрөмжийг тохирлын баталгаанд заавал хамруулах;
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан бэлтгэх боловсролын тогтолцоог шинэчлэх, бүтээмж, чадамжтай боловсон хүчнийг дэмжих, хөгжүүлэх;
- Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийн хангасан, олон нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн, хүүхдийг зохисгүй контентээс хамгаалахад цахим орчин, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох;
- Үндэсний цахим бүтээл үйлдвэрлэгчдийг бодлого, зохицуулалтаар дэмжих, урамшуулах;
- Цахим орчинд зөв зохистой хэрэглээг эрхэмлэсэн өндөр ёс суртахуунтай Монгол Улсын иргэнийг бэлтгэх, төлөвшүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- Тоон ялгарлыг багасгах (Хот, хөдөөгийн ялгааг арилгах):
- Хэрэглэгчид өндөр хурдаар мэдээлэл хүлээн авах, дамжуулахад сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй үлдсэн сумдыг холбох;
- Орон нутгийн дамжуулах сүлжээний үнэ тарифыг үе шаттайгаар бууруулах, хэрэглээг нэмэгдүүлэх;
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх, гадаад улс орнуудын урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулах;
- Интернетийн импортыг хямдруулах, хөдөө орон нутаг, хот суурин газарт газарзүйн байршлаас үл хамааран интернетийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх төрийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих;
Үйлчилгээ эрхлэгчид:
- Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бэхжүүлэх;
- Нийгмийн хариуцлагыг ухамсарласан, компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх;
- Төрийн бодлого, стратеги боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
- Эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор дэд бүтцийг хамтран ашиглах;
- Салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор мэргэжлийн холбоодыг байгуулж хамтран ажиллах;
- Хэрэглэгчийн цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх;
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, оюуны өмчийг дээдлэх;