Home / Articles / Сонгуулийн хугацаанд нийгмийн сүлжээг зүй зохистой хэрэглэх...
Сонгуулийн хугацаанд нийгмийн сүлжээг зүй зохистой хэрэглэх талаарх сонордуулга
2017-06-24
Сонгуулийн хугацаанд нийгмийн сүлжээг зүй зохистой хэрэглэх талаарх сонордуулга Сонгуулийн хугацаанд нийгмийн сүлжээг зүй зохистой  хэрэглэх талаарх сонордуулга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны 06-р сарын 26-нд зохион байгуулагдах бөгөөд сонгуулийн сурталчилгаа нь 2017 оны 06 сарын 24-ний 23:59 цагаас өмнө зогсоно.

Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 заалт болон 83-р зүйлүүдэд сонгуулийн сурталчилгаанд интернет орчин ашиглах талаар тусгайлан зааж өгсөн байдаг. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твитер зэргийг ашиглан үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг үл хүндэтгэсэн, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил тэмцэлд уриалан дуудсан өнгө аяс бүхий мэдээ мэдээллийг олон нийтэд тараах, нам улс төрийн хүчин, тэдгээрээс нэр дэвшигчдийг гүтгэн доромжлох, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулалт хийх зэрэг үйлдэл ихээр гарч байна. Энэхүү мэдээ, мэдээлэл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.3.3, 3.6.1.2 заалт, Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 заалт, 83-р зүйл болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл болно.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2017 оны ээлжит сонгуулийн хугацаанд дээрх хуулиудын заалтыг зөрчсөн нийгмийн сүлжээнд санаатай нийтлэгдсэн мэдээ мэдээлэл, фэйсбүүк хуудас болон хэрэглэгчийн хууль бус үйлдлийг таслан зогсоохтой холбогдсон техникийн арга хэмжээ авах ажлыг хэрэгжүүлэхээр “Facebook Inc”-ний Ази номхон далайн бүсийн төв “Singapore APAC” болон Монгол Улсын холбогдох чиг үүрэг, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хааснаас хойш Монгол Улсын иргэд фэйсбүүк хэрэглэгчид, нэр дэвшигчдийн сонгуулийн штаб та бүхэн 2017 оны ээлжит сонгуулийн хугацаанд нийгмийн сүлжээг зүй зохистой хэрэглэн, Сонгуулийн тухай болон бусад холбогдох хуулийг дээдлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна.      

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2017.06.24