Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
2017-05-26
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 4 дүгээр  хуралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны зохион байгуулав. Тус хуралдаанд бүтцийн нэгж, газраас шинэчлэн боловсруулсан  “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын төсөл; “Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын төсөл; “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ын төсөл; тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.  Тус хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолыг батлан, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг чиглэл өгсөн болно.

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт “сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах”; 9.1.5 дах хэсэгт “харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах” бүрэн эрхийг тус тус Харилцаа холбооны зохицуулах хороонд олгосон байдаг. 

Хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх, ХЗДХЯ-наас хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох журам, аргачлалыг (Хорооны баталсан 2014 оны 21 дүгээр тогтоол, 2014 оны 53 дугаар тогтоол, 2015 оны 07 дугаар тогтоол) Захиргааны ерөнхий хуульд нийцэж байгаа эсэхийг хянан үзэж ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэх арга хэмжээний хүрээнд тус хорооны ЗУХАГ, ЗБХГ, ЗЗҮТҮСГ, ШЗГ-аас хамтран боловсруулсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын төсөл, “Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын төсөл, “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ын төслийг тус тус хорооны 2017 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэв. “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын төсөлд хуучин “Сүлжээнд холбогдох болон сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам” гэснийг “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам” болгох; Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6 дах хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх”, мөн Засгийн газрын 2015 оны 59 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-ын 4.1.5 дахь заалтад “...нэр томъёоны утга агуулгыг хуулиас доогуур түвшний актаар тайлбарлаж, тодорхойлолт хийж болохгүй” гэж заасантай зөрчилдсөн байсныг арилгах; хариуцлага, маргаан шийдвэрлэх талаарх заалтуудыг хасах; журамд хяналт, хариуцлагын талаар тусгасан нь Зөрчлийн тухай хууль болон бусад хууль, тогтоомжуудаар зохицуулагдахаар байгаа тул хасах зэрэг өөрчлөлтийг ХЗДХЯ-ны зөвлөмжийн дагуу тус тус оруулсан. Харин “Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын төсөлд “Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт буюу журам батлах тусгайлан эрх олгогдсон заалтын дагуу журмыг нэрлэж уг эрх олгогдсон заалтын хүрээнд хамаарах харилцааг зохицуулах; талууд өөрсдөө хувийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэх гэрээ байгуулах санал гаргах, санал хүлээж авах зэрэг Иргэний хуулиар зохицуулагдах бусад харилцааг журмаас хасах; Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх ерөнхий нөхцөл, шаардлагыг тогтоож өгөх, орлого хуваарилах нөхцөл, зарчим, журмыг тодорхой тусгах; Хариуцлагын асуудлыг тогтоосон 12 дахь хэсгийг холбогдох хууль тогтоомж руу эшлэл хийх замаар зохицуулах” гэсэн зөвлөмжийг тусган шинэчлэн боловсруулжээ.  Хорооны хуралдаанаар дээрх 2 журмын шинэчилсэн төслийг тус тус авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг үндэслэн хорооны хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 тоот тогтоолыг гаргаж шийдвэрлэв. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг, хоёрдугаар хавсралтаар “Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг тус тус  шинэчлэн баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 21 дүгээр тогтоол, 2014 оны 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон.   

Хорооны хуралдаанаар баталсан 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 16 тоот тогтоолыг хорооны Даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/575 албан ХЗДХЯ-нд улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлсэн бөгөөд ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн 3731 дугаарт 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн болно. Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль, зүй дотоод хэргийн яам хянан үзэж, захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 3732 дугаарт бүртгэсэн ба эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (www.legalinfo.mn), хорооны цахим хуудас (www.crc.gov.mn)-д оруулав.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, 10.1.5 дах заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг,  14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг тус тус үндэслэн “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох тухай” 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 тоот 3 хавсралт бүхий тогтоолыг батлав. Энэхүү тогтоолын хавсралтаар 9 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх, 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдаанаар “тусгай зөвшөөрлийн тухай” асуудлыг хэлэлцэх явцад хорооны зарим гишүүдээс гаргасан саналын дагуу тусгай зөвшөөрлийн чиглэлээр баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн (олгосон, өөрчлөлт оруулсан, сэргээсэн, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, дуусгавар болгосон), холбогдох статистик мэдээлэл, судалгаа, төлбөр тооцооны тайлан, радио давтамжийн хуваарилалт, мэдээллийн сангийн бүрдүүлэлт талаар нэгдсэн тайланг Даргын зөвлөл, хорооны хуралдаанд танилцуулах, тусгай зөвшөөрлийн гэрээний биелэлт, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх арга хэмжээг авч ажиллахыг хорооны бүтцийн нэгжийн дарга (газар, хэлтэс) нарт үүрэг болгохоор шийдвэрлэв.

Тус хорооны хуралдаанаар “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ын төслийг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах заалтыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18 тоот тогтоолыг баталж шийдвэрлэсэн ба энэхүү тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ыг шинэчлэн баталсан болно. Аргачлалыг шинэчлэн баталснаар харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд өөрийн үйлчилгээний үнэ, тарифыг урт хугацааны турш үр ашигтайгаар тогтоох боломжийг бүрдүүлнэ. Харилцаа холбооны салбарын давамгайлагч үйлчлэгч болон шинээр үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээд нь үйлчилгээний тарифаа аргачлалын дагуу тогтоох, түүнчлэн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үндсэн үйл ажиллагааны ашигт ажиллагааны төвшинг хангах боломжтой үнэ тарифын бодлогоо зөв тодорхойлох, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгөө тооцоход аргачлалыг ашиглана. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2015 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгов. Хорооны Даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/575 албан тоотоор “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ыг ХЗДХЯ-ны улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлэв. Уг аргачлалыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлийн 3732 дугаарт 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн баталгаажуулж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (www.legalinfo.mn), хорооны цахим хуудас (www.crc.gov.mn)-д байршуулан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.  

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).