Home / Articles / Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 4 үндэсний...
Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 4 үндэсний стандартыг баталлаа.
2017-06-05
Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 4 үндэсний стандартыг баталлаа. Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 4 үндэсний стандартыг баталлаа.

Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар мэдээллийн технологи, харилцаа холбоо, тохирлын үнэлгээ, эрчим хүч, хими, авто тээвэр, барилга, сав баглаа боодол, хүнс, хүнсний шинжилгээний зэрэг чиглэлээр боловсруулж, Стандартчиллын Техникийн 11 салбар хороодоос дэмжигдсэн шинээр боловсруулсан болон шинэчилсэн нэр бүхий 28 стандартуудын төслийг хэлэлцэн 26 Үндэсний стандартаар баталсан болно. Үүнд: мэдээлэл, харилцаа холбооны 4, тохирлын үнэлгээ 7, эрчим хүч, хими, химийн шинжлэх ухааны 2, авто тээвэр 3, барилга 1, сав баглаа боодол 1, хүнс, хүнсний шинжилгээний 5 тус тус стандартууд байна.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр:

 

  • Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга болон санхүүжилтээр шинээр боловсруулсан “Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага” (Technical specification and installation requirements manhole and duct system), “Харилцаа холбооны зай тэжээлийн ба нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний ерөнхий шаардлага” (General requirement for power supply room and backup room of communication system) болон “Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага-MNS6285:2011” (Requirements for the governmental organization's websites), “Мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны зургийн тэмдэглэгээ, тэмдэглэгээний хэмжээ-MNS4908:2000” (Graphic symbols and their size for outside planning drawing of information and telecommunication network) шинэчлэн батлуулах зэрэг нийт 4 үндэсний шинэ стандартын төслийг сонгон шалгарсан эксперт, мэргэжилтнүүдийн баг тус тус боловсруулан хуралдаанд хэлэлцүүлэв.
  • Тус зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд, Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6.3, 6.5, 9.4, 20.2.1 дэх заалт, Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 2 үндэсний стандартыг шинээр, 2 үндэсний стандартыг шинэчлэн тус тус батлан шийдвэрлэсэн.

 

Шинээр баталсан үндэсний стандартууд:

 

  1. “Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага” (Technical specification and installation requirements manhole and duct system) стандарт.

Энэхүү стандарт нь хот суурин доторх харилцаа холбооны дэд бүтэц болох худаг сувагчлалын байгууламжийг төлөвлөх, суурилуулах, ашиглалт үйлчилгээний үеийн ерөнхий шаардлагуудыг тогтоож, холбогдох нэр томьёо, тодорхойлолтыг багтаасан болно.

  • Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын шаардлага” үндэсний стандартаар нэр  томьёо, тодорхойлолт, холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын ерөнхий шаардлага, төмөр бетон угсармал худгийн хэмжээ, худагт суурилуулах хоолойн тоо хэмжээ, бусад инженерийн шугам сүлжээтэй зэрэгцээ болон хөндлөн огтлолцох үед тавих хоорондын зай хэмжээг төлөвлөх ба байгуулах, сувагчлалын хоолойн материалд тавих шаардлага, хоолойн эргэлтийн өнцгийн дээд хязгаар, үерийн далан, жалга, шуудуугаар ил хөндлөн гарахад тавих шаардлагууд, үүсэх харилцааг нарийвчлан тогтоож баталснаар холбогдох байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, сүлжээний болон худаг сувагчлалын найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг чанартай хүргэх боломжийг бүрдүүлж байна.

Стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэрт мэдээлэл, холбооны ашиглалт үйлчилгээ эрхлэгчид, зураг төсөл боловсруулагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, угсралт суурилуулалт үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, төлөвлөлт, хяналтын байгууллагууд болон түүний инженер, техникийн ажилтнууд мөрдөнө.

  1. “Харилцаа холбооны зай тэжээлийн ба нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний ерөнхий шаардлага” (General requirement for power supply room and backup room of communication system) стандарт.

 

Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны шинэ техник, технологиуд болон үйлчилгээ, хэрэглээ нь нийгэм эдийн засгийн бүх салбарт хурдацтай, өргөнөөр нэвтэрч байгаа бөгөөд сүлжээ, тоног төхөөрөмжийн зай тэжээлийн байгууламж, орчины найдвартай ажиллагааг хангах, олон улсын хүлээн зөвшөөрсөн стандартын дагуу ажиллах нь төр, хувийн хэвшлийн өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болжээ.

Иймээс мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, ашиглалт үйлчилгээ, ажиллах орчинг сайжруулах, аюулгүй байдлыг хангах үүднээс зай тэжээл болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний стандартыг боловсруулж мөрдөх зайлшгүй шаардлага гарсан юм.

Энэхүү стандартаар шинээр баригдаж байгаа мэдээлэл, харилцаа  холбооны сүлжээний үндсэн зай тэжээлийн ба нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөнд тавих ерөнхий шаардлагыг тогтоосон. Түүнчлэн холбогдох нэр томьёо, тодорхойлолт, зай тэжээлийн болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөнд тавих үндсэн шаардлагууд (суурилуулалт, бичил орчинд тавих шаардлага, кабелийн холболт, газардуулга, ажлын байрны шаардлага, галын дохиоллын систем, доргилт чичиргээ, хэт хүчдэлийн аянгын хамгаалалт г.м), зай тэжээлийн өрөө болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний температур, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвч, өрөөний агааржуулалт, дизель генераторын өрөөний зохион байгуулалт, хэмжээсийг стандартаар тодорхойлон баталгаажуулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбооны сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, зай тэжээлийн болон нөөц тэжээлийн төхөөрөмжийн өрөөний  ашиглалт үйлчилгээ, угсралт суурилуулалтын  ажил технологийн дагуу гүйцэтгэх, тоног төхөөрөмжийн тасалдалгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, ХХААЭА, ГАА, ТААД-ын шаардлагыг бүрэн хангах зорилгоор энэ стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулсан болно.

 

Шинэчлэн баталсан үндэсний стандартууд:

 

  1. “Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага-MNS6285:2011” (Requirements for the governmental organization's websites) стандарт.

Дэлхий дахины хөгжлийн хандлага мэдээлэлжсэн нийгэмд шилжиж байгаа өнөө үед мэдээллийн технологийн хэрэглээ нь үйлдвэрлэлийн хөгжил, нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих хүчин зүйл хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Нөгөө талаас мэдээллийн технологи зөвхөн үйлдвэрийн зардлыг бууруулах, үйлчилгээ дэмжих хэрэгсэл болохоос гадна төрийн үйлчилгээг хүргэх, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангахыг шаардаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороонд Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, 2011 оны стандартыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иудад нийцүүлэн стандартыг шинэчлэн боловсруулахыг зөвлөмж болгосон юм.

Монгол Улсын төрийн байгууллагуудын цахим хуудсыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагыг агуулан, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай, хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор энэ стандартыг боловсруулсан. 

Стандартыг шинэчлэн боловсруулахдаа төрийн байгууллагын цахим хуудсын нийтлэг шаардлага, нэр томьёо, тодорхойлолт, агуулгын шаардлага, зохиомжийн шаардлага, гүйцэтгэлийн шаардлага, хэрэглээний шаардлага, тусгай шаардлагын талаар нэмэлт, өөрчлөлт оруулж, холбогдох харилцааг нарийвчлан тогтоожээ.

Энэхүү стандарт нь төрийн байгууллагын цахим хуудсын шаардлага болон програм хангамжийн чанарын шаардлагын хүрээнд хамаарах стандарт юм. Програм хангамжийн бүтээгдэхүүний чанарын шаардлага болон үнэлгээний ISO/IEC 25000, ISO/IEC 25010, ISO/IEC 25022 стандартуудтай уялдуулж боловсруулсан ба зарим нэр томъёо, тодорхойлолт, заалтуудыг дахин тодорхойлж оруулсан байна.

Мөн уг стандартыг 2011 оноос хойш шинэчлэн батлагдсан болон шинээр гарсан Монгол Улсын хуулиудтай уялдуулах зорилгоор төрийн байгууллагын цахим хуудастай холбоотой хуулийн заалтуудыг тусгаж, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн холбогдох заалтыг энэ стандартад тусган өөрчлөлт оруулсан. Энэ стандартын агуулга, шаардлага нь төрийн бус аль ч байгууллагад нийцэх тул бусад байгууллагууд ашиглаж болно.

  1. “Мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны зургийн тэмдэглэгээ, тэмдэглэгээний хэмжээ-MNS4908:2000” (Graphic symbols and their size for outside planning drawing of information and telecommunication network) стандарт.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон суурин газарт барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, мэдээллийн технологи, харилцаа холбооны байгууламжийн гадна холбооны зургийн тэмдэглэгээ, тэмдэглэгээний хэмжээг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, ерөнхий төлөвлөлт, зураг төсөв, норм норматив болон олон улсын жишигт хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж ирлээ.   

Уг стандарт нь 2000 онд боловсруулсан “Техникийн зураг, Телефон сүлжээний зургийн тэмдэглэгээ, тэмдэглэгээний хэмжээ”  стандартыг шинэчлэн баталсан бөгөөд хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, барилга байгууламжийн мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны техникийн болон ажлын зураг төсөл төлөвлөх, боловсруулах, өөрчлөлт хийх зэрэг ажлуудад утастай, утасгүй холбооны системийн тоног төхөөрөмжийн дүрст тэмдэг тэмдэглэгээг тогтоосон болно. Тухайлбал, MNS4908:2000 стандартаар 25 төрлийн 45ш телефон сүлжээний зургийн тэмдэглэгээг баталсан бол стандартыг шинэчилснээр барилга, байгууламжийн мэдээлэл холбооны сүлжээний кабелийн системийн гадна холбооны тэмдэглэгээг орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны системийг салбар нэр, төрөл, зүйлээр ангилж 4 бүлэг, дэд бүлэг үүсгэн 54 төрлийн 123ш элементүүдийн тэмдэг тэмдэглэгээ болгон шинэчилсэн. Тэмдэг тэмдэглэгээний хэмжээг М1:500 масштабтай төлөвлөлтийн зурагт тохирохоор мм-ээр нарийвчлан зааж тодорхойлжээ.

Шинэчилсэн стандартыг баталснаар дэд бүтэц, барилга байгууламжийн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх эрх бүхий албан байгууллага, иргэн, хуулийн этгээд, мөн суурин сүлжээний ашиглалтын байгууллага болон үйлчилгээ эрхлэгчид, угсралт суурилуулалтын ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, тэдгээрийн инженер, техникийн ажилчид гарын авлага болгон шинэ нөхцөлд нийцүүлэн ажиллах, ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Дээрх 4 стандартын төслийг боловсруулсан багийн бүрэлдэхүүнд МХС ХХК-ийн ерөнхий инженер, техник ашиглалтын хэлтсийн дарга, зөвлөх инженер Д.Мянганбаатар, зөвлөх инженер Б.Оюунтуяа, инженер П.Жамъянсүрэн; МЦХ ХК-ийн Технологийн газрын ТАҮА-ны  зай тэжээл, хөргөлт агааржуулалтын тасгийн ахлах инженер Д.Нарантуяа; ШУТИС-ийн МХТС-ийн профессор Ц.Ганбат, багш Э.Баатархүү, Оюу толгой ХХК-ийн мэргэжилтэн Г.Чинзориг; МЦХ ХК-ийн Технологийн газрын Техникийн хөгжлийн албаны холбооны зураг төсвийн мэргэжилтэн, зөвлөх инженер, холбоо мэдээллийн зургийн мэргэшсэн инженер Ж.Өлзийбаяр, эксперт хийсэн зөвлөх инженер Ц.Доржсүрэн зэрэг салбарын мэргэжилтэн, эрдэмтэд, экспертийн төлөөлөл нар ажиллажээ.

Шинээр батлагдсан үндэсний стандартыг боловсруулахад удирдлага, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны дарга, ХХЗХ-ны газрын дарга С.Долгорсүрэн, мэргэжилтэн Ш.Болормаа; СХЗГ-ын СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батзориг, мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын Техникийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ундраа нарт талархлаа илэрхийлье.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо