Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Уг хорооны хуралдаанаар нийтдээ 5 асуудлыг авч хэлэлцэж, хэлэлсэн асуудлаар хорооны хуралдааны 1 тогтоол, хуралдааны 3 тэмдэглэлийг тус тус гарган шийдвэрлэсэн болно.
Тус хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн танилцуулсан Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан “Ерөнхий менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан байгууллагын 2016 оны Бизнес төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ, заалтуудын биелэлтийн тайлан, холбогдох санхүү төсвийн гүйцэтгэлийг авч хэлэлцэв. Хорооны хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар тэмдэглэлээр, “Ерөнхий менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлийн тайланд гишүүдийн саналыг тусган Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-т хүргүүлж тайлагнахаар тогтов.
Хорооны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны “ХХЗХ-ны 2017 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, хорооны төсвийн төслийн талаар авах арга хэмжээний тухай” тэмдэглэлийг хэлэлцэн гаргалаа. Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан Хорооны 2017 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөний төсөл, төсвийн төслийн талаар танилцуулгыг хуралдаанаар авч хэлэлцээд, хорооны гишүүдийн гаргасан саналыг тусган “Байгууллагын 2017 оны Бизнес төлөвлөгөө” болон холбогдох төсвийг Хорооны Даргын тушаалаар тус тус батлахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн “Байгууллагын 2017 оны Бизнес төлөвлөгөө” болон 2017 оны төсвийг Төсвийн ерөнхийлөн захирагч /Ерөнхий сайд/-тай 2017 онд байгуулах “Ерөнхий менежерийн 2017 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд нэгтгэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу ЗГХЭГ, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт баталгаажуулахаар тус тус хүргүүлэхээр болов. Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан “Ерөнхий менежерийн 2017 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, бүтцийн нэгж бүрээр төлөвлөн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны дарга-д үүрэг болголоо.
Хуралдаанаар Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас тус хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/220 тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлт болон “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг авч хэлэлцээд, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд: Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулаагүй, эхлүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалтын хүсэлтийг тус хороонд ирүүлээгүй 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хорооны хуралдааны 19 дүгээр тэмдэглэлийн Хавсралт-1-д заасан Бизнес мэдээллийн суваг ХХК (Суваг: Бизнес ТВ-Нийгэм, эдийн засаг), Майнд вайд ХХК (Өргөө ТВ-Барилга, хот тохижилт, төлөвлөлт), Масс Коммуникейшн Групп ХХК (MMC-Хөгжим), Юу Би Медиа групп ХХК (BNB суваг-Нийгэм, эдийн засаг), Хүннү Медиа ХХК (Хүннү ТВ-Байгаль экологи, аялал жуулчлал), Атилла групп ХХК (ZTV-Цэнгээнт), Ягаан сувд ХХК (PP channel-Танин мэдэхүй) зэрэг 7 хуулийн этгээдийн Улаанбаатар хотод “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8.1, 8.12, 12.7-г тус тус үндэслэн дуусгавар болгох; шалгалтын үр дүнгээр хуралдааны тэмдэглэлийн Хавсралт-2-д заасан нэр бүхий 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэхээр тус хорооны хуралдааны тогтоолын хавсралтад оруулж шийдвэрлэх; шалгалтын үр дүнгээр Улаанбаатар хотод “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл бүхий Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК (805/B/CH63), Дөрөв Кэй Мүүв ХХК (788/B/CH46)-д 2017 оны 2 дугаар улиралд багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгөх нь зүйтэй гэж үзэв. Тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/-т тус тус даалгаж, холбогдох мэдэгдэл, албан шаардлагыг албан тоотоор хүргүүлэхийг үүрэг болголоо.
Тус зохицуулах хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, хүчингүй болгох тухай” 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 52 тоот тогтоолын хавсралтаар:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 12 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).